Г.Мөнхбаяр “2017 онд метро явуулна” гээд чадаагүй, Д.Сумъяабазар “2024 онд LRT барина” гээд болоогүй, Х.Нямбаатарын метро 2027 онд явбал энэ байдлаараа эрчим хүч нь хөдөлгөж дийлэхгүй

Г.Мөнхбаяр “2017 онд метро явуулна” гээд чадаагүй, Д.Сумъяабазар “2024 онд LRT барина” гээд болоогүй, Х.Нямбаатарын метро 2027 онд явбал энэ байдлаараа эрчим хүч нь хөдөлгөж дийлэхгүй

Өнгөрсөн долоо хоног /2023.11.22/-т “Засгийн газрын түвшинд анх удаа метро барих шийдвэрийг гаргаж, энэ ондоо багтаан тендер зарлахаар болсон” гэж Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдсэн. Үнэндээ МАН-ын 2009 оны амлалтаар бол “Улаанбаатар хот 2017 онд гэхэд метро”-той болох байв. Харин одоо УИХ-ын сонгууль дөхөхөөр эрх баригчдын амладаг амлалтуудын нэг нь “метро барина, нийтийн тээврийг үнэгүй болгоно, цэвэрлэх байгууламж шинэчилж хотыг өмхий үнэрээс нь салгана, бараг л усан тээврийг хөгжүүлнэ” гэж ярьдаг болоод байна. 

-Г.МӨНХБАЯР "2017 ОНООС МЕТРОГООР ЗОРЧУУЛНА" ГЭЭД ЧАДААГҮЙ БОЛ Д.СУМЪЯАБАЗАР "2024 ОНД LRT-ЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА" ГЭСЭН Ч БОЛООГҮЙ-

Тэгвэл Улаанбаатар хотын дарга асан Г.Мөнхбаярын 2009-2012 оны мөрийн хөтөлбөрт заасны дагуу Улаанбаатар хотыг метротой болгох Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, улмаар 2017 онд Улаанбаатарт хотын метроны нэгдүгээр шугамыг ашиглалтад оруулна гэж мэдэгдэж байв. Харин өнөөдөр Хотын дарга асан Г.Мөнхбаяр МАН-ынхаа хайр хишгийг хүртэж Монгол улсаа төлөөлөн Турк улсад элчин сайдаар сууж байна. Тэрбээр бараг 2017 онд Улаанбаатарыг метротой болгоно гэж амлаж байснаа мартсан байх.

“Нийслэлийнхэн 2017 оноос метрогоор зорчиж эхэлнэ” гэх мэдээлэл Үндэсний шуудан сонины 2011.02.10-ны өдрийн дугаарт гарч байжээ

Харин 2020-2023 оны хугацаанд Хотын даргаар Д.Сумъяабазар ажиллахдаа, 2024 он гэхэд нийслэлд “Баганан тулгуурт галт тэрэг” /LRT/ буюу газар дээрх метро барина хэмээж байв. Д.Сумъяабазарын “Баганан тулгуурт галт тэрэг”-ийн чиглэл нь Буянт-Ухаа 2 хорооллоос эхлэн Нисэх-Яармагийн дагуу Чингисийн өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зүүн дөрвөн зам, Сансарын тойрог гээд нийт 50 километрийн урттай байхаар ТЭЗҮ-ийг боловсруулсан байдаг. Бүр LRT төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөх НИТХ-ын тогтоол батлагдаж, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зүүн талын нутаг дэвсгэрийн олон га газрыг 7,5 тэрбум төгрөгөөр улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжсэн байдаг.

Харин Д.Сумъяабазар LRT төслийн санхүүжилтээ “Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байдаг 3 тэрбум тонны нөөцтэй гэгдэж буй Улаанбаатар хотын эзэмшлийн “Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг Хятадуудад ашиглуулж босгоно” гэж байв.

Гэтэл Х.Нямбаатар Хотын дарга болоод “Баганан тулгуурт галт тэрэг”-ийг барихгүй, газар доор хонгилоор явдаг метро барина гэдгээ мэдэгдсэн. Харин метроны санхүүжилтийг “Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг Хятадуудад ашиглуулж босгох ба метро нь Таваншар-Офицер чиглэлд баригдана гэсэн мэдээлэл байна. Энэ бүхэн бол үе, үеийн хотын дарга нарт Улаанбаатар хотыг хөгжүүлэх алс хэтийн ямар ч төлөвлөгөө байхгүй гэдгийг илтгэж байгаа юм.

-Х.НЯМБААТАРЫН МЕТРО УЛААНБААТАРТ ЯВААД ЭХЭЛБЭЛ ЭРЧИМ ХҮЧ ХҮРЭЛЦЭХ ҮҮ-

Тэгвэл Д.Сумъяабазарын “Баганан тулгуурт галт тэрэг” Улаанбаатарт тохирохгүй гэдгийг олон хүн хэлж байв. Учир нь Казахстан улс 60 километр үргэлжлэх  “баганан тулгуурт галт тэрэг”-ний төслөө анх 2,3 тэрбум ам.долларт Хятадын зээлээр хэрэгжүүлэхээр эхлүүлсэн ч бүтэлгүйтсэн юм. Товчхондоо, Казахстанд бүтэлгүйтсэн баганан тулгуурт галт тэрэгний ТЭЗҮ бараг Д.Сумъяабазарын LRT-ын төсөлтэй тун адилхан байсан гэдэг. 

Казахстан улс “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төслийг хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн тул ийнхүү ашиглах боломжгүй балгас болон үлджээ

Харин Хотын дарга Х.Нямбаатарын яриад буй газар доор хонгилоор явдаг метро нь Улаанбаатарт хэрэгжиж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь эрчим хүч хангалттай хөгжсөн, хүн ам ихтэй Бээжин, Токио, Сөүл зэрэг хотууд газар доорх метрог ашигладаг. Зарим эх сурвалжууд 10 саяас дээш хүн амтай хотод метро тохирно. Мөн метроны замын нийт урт 50 километрээс дээш байх нь ашигтай гэжээ. Тухайлбал, ӨМӨЗО-ны Хөх хотод нийт 49 километр урт замтай, 42 өртөөтэй метроны хоёр шугамыг 2020 онд бүрэн ашиглалтад оруулсан байна. Гэтэл манай Улаанбаатар хот 1,5 сая хүн амтай гэдэг ч эдгээрийн бараг тал хүүхдүүд, нөгөө талаар Таваншар-Офицер чиглэл 10-13 километрийн зай байгаа.

Нөгөө талаар метро маш их зардалтай. Тухайлбал, Улаанбаатар хотод метро яваад эхэлбэл эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэнэ. Гэтэл өнөөдөр эрчим хүч иргэдэд хангалттай хүрэлцэхгүй байгаа тул УБЦТС ТӨХК-иас “эрчим хүчээ хэмнэж, онцын шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ тэжээлээс нь салгаж, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн мэдэгдлийг гаргаж байна. Гэтэл Улаанбаатар хот мэдээж цахилгаанаар явдаг метро л ашиглана. Харин манай улсад метро явуулах хэмжээний эрчим хүч байгаа одоогоор байхгүй гэдэг нь тодорхой байна.  

УБЦТС ТӨХК-иас 2023.11.23-ны өдөр тус мэдэгдлийг гаргажээ.

Сонирхуулахад, метро анх 1863 онд Их Британи улсад ашиглагдаж эхэлсэн бол 1890 онд цахилгаан хөдөлгүүртэй болсон түүхтэй. Үнэндээ өнөөдрийн Улаанбаатарт газар дээгүүр, доогуур явдаг метро биш дэд бүтцийн хүртээмжийн хувьд Тарамбай л тохирно. Тухайлбал, Таваншар-Офицер чиглэлд авто замын голоор Тарамбай яваад эхэлбэл 2027 онд явж эхлэх Х.Нямбаатарын метрог хүлээхгүйгээр түгжрэл ч шийдэгдэж мэднэ.