“Гацуурт”-ын Л.Чинбатад давуу байдал олгож, газар олгосон гэх Сэлэнгэ сумын Засаг дарга асанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

“Гацуурт”-ын Л.Чинбатад давуу байдал олгож, газар олгосон гэх Сэлэнгэ сумын Засаг дарга асанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс арваннэгдүгээр сарын 20-24-нд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан аж. Үүнээс 10-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тавд нь хэрэг нээхээс татгалзаж, хоёрыг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн Ш.Насандулам, Г.Мэргэнбаатар нар Л.Чинбатын үүсгэн байгуулсан “Гацуурт” ХХК-д давуу байдал үүсгэж их хэмжээний газар олгосон хэрэгт холбогдсон.

Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын ИТХ-ын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хуудсыг нөхөн бичиж, 2019 оны арванхоёрдугаар сард хууль бусаар газар эзэмшүүлж, Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн гэж буруутгагдаж байгаа аж.

Мөн https://shilen.gov.mn цахим хуудаснаас үзвэл “Гацуурт” ХХК нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар тус бүр нь 4900 ам метрээс дээш хэмжээтэй 10 газар эзэмшиж байгаа юм.

Газар эзэмшүүлэх захирамжийг сумын Засаг дарга нь 2010 оны аравдугаар сарын 22-нд баталсан гэх утга бүхий мэдээлэл оруулжээ. Энэхүү мэдээллийн дагуу хууль сахиулах байгууллагаас шалгахад Л.Чинбатын байгуулсан “Гацуурт” ХХК-д давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогджээ. 

Ийнхүү Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам, тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Г.Мэргэнбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад, прокурорын хяналтад шилжүүлээд байна.