Их Британийн нийслэл Лондон хотын алдарт Колизэйд нээлтээ хийж, ердөө зургаан өдөр болж буй The Mongol Khan (Тамгагүй төр) монгол драмын талаар Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүд “гайхалтай, ер бусын” хэмээн тодотгож мэдээлж байна. Тухайлбал, Лондон хотын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, үйл явдлыг онцлох мэдээлдэг LondonReviews.co.uk сайт "The Mongol Khan" /Тамгагүй төр/ жүжгийг "“Монгол хаан” жүжиг төсөөллөөс хэтийдсэн, нягт дэглэсэн, нүд баясгам үзүүштэй тоглолт байлаа" хэмээн тоймлон мэдээлжээ.
Тус мэдээлэлд, "Амьд яваа насандаа миний бие ийм жавхлан төгөлдөр бүтээл тайзнаа амилахыг харж байсан удаагүй. “Монгол хаан” жүжиг бүхий л талаараа төсөөллөөс хэтийдсэн, нягт дэглэсэн, нүд баясгам үзүүштэй тоглолт байлаа. Лондонгийн хамгийн том театр Лондон Колизей л эл ер бусын жүжгийг толилуулах хамгийн тохиромжтой тайз мөн аж. Туульслаг жүжгүүдээрээ алдартай тус театрын цог жавхааг “Монгол хаан” жүжиг улам чинагш асаан бадраажээ.
1998 онд тайзнаа анх тавигдсан “Тамгагүй төр” жүжгээс сэдэвлэн шинэчлэн найруулсан эл бүтээлийн сэтгэл донсолгом үйл явдал нь үзэгчдийг өнө эртний Хүннү гүрэнд аваачиж, төр улсынхаа тусын тул үнэн худлын ээдрээнд үхэл амьдралыг дэнсэлгэн шийтгэх хааны үйл хэргийг үзэж, нүдээр гэрчлэх үлгэрийн аянд зорчуулна.
Жүжигчин, дууч, бүжээч, уран нугараач, хүүхэлдэйн жүжигчид, нийт дал гаруй уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүн ийнхүү үзэгчдийн мэлмийг баясгаж, ухааныг цэнгүүлсэн гарамгай тоглолтыг бүтээн чаджээ. Ур төгөлдөр дэглэсэн бүжиг, уянга найрсал яруу хөгжим, донж төгс дэгжин өмсгөл цугаар бүрдэх нь хараа булаам үзэсгэл юм. Монголын үндэсний бүжиг, угсаатны өвөрмөц бүрдвэрүүд нь жүжгийг сэргэлэн өрнүүн соёлын баялаг агуулгаар баяжуулсан байна.
“МОНГОЛ ХААН” ЖҮЖИГ: ТҮҮХЭН ДЭВШИЛ
“Монгол хаан” нь Монголын театр урлагийг Уэст-Эндийн тайзнаа анх удаа таниулан сурталчилж, түүхнээ шинэ хуудас нээн сийлсэн тэмдэглэлт явдал боллоо. Энэ чухал алхам нь үндэстний соёлын олон улс дахь сурталчилгаа болох төдийгүй Монголын театр урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирснээ зарлаж буй нь манай өрнөдэхинд Монгол соёлтой зурвас танилцах завшаан болов.
Эл бүтээлийн хөгжим нь өрнийн хийгээд Монголын үндэсний найрал хөгжим, найрал дуу болон хүүхдийн найрал дууг багтаасан өргөн цар хүрээ, олон янз төрлийг агуулсан хөгжмийн томоохон бүтээл байна. Монгол хөгжмийн баялаг урын санг дэлхий даяарт хүргэхийг зорихдоо өрнийн сонгодог хөгжимтэй зохируулсан нь олон улсын үзэгч, сонсогчдын ая таацыг бодолцсон нь зүй.
Херо Баатарын машид няхуур найруулга бүхий энэ тайзны сод туурвил нь тайзан дээрх жүжгийн тоглолт төдийгөөс хальж, Монгол түүх цадигийг соёлтой нь сүлэн урлаж, урлагаар нь шигтгэн чимсэн гоц уран, гойд нандин сор бүтээлийг гийгүүлэн заах гэрэлт цамхаг мэт аж. Хувцас өмсгөл, хэрэгсэл заслын загвар хийцийг түүхэн нарийвчлал, бодит судалгаанд тулгуурлан бүтээсэн нягт онч, нямбай гүйцэтгэл нь "Монгол хаан" жүжгийг Лондон Колизейн алдарт тайзнаа Монгол өв соёлыг дуурьсган мөнхөлж, сонор мэлмийг мялааж, соёлоор гайхашруулсан тод томруун гарамгай тоглолт болгон мандуулж чаджээ.
ХҮМҮҮНИЙ МӨН ЧАНАРЫН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛД ХӨТЛӨХ ЭРЭЛХИЙЛЭЛ
Эл жүжиг Монголын түүхнээ цолгорсон бодит дүрүүд бүхий түүхэн үйл явдлыг үзүүлнэ гэж олон хүмүүс хүлээж байсан байж болох ч, эсрэгээрээ зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн энэ зохиол нь уран сайхны зохиол юм. Сайн муу, сайхан муухай, хайр хорсол, хонзогнол ба эвлэрэл, аминч атгаг санаархал, аху төрийн зоригдол гээд хүмүүний оршихуйн түгээмэл учрал тохиолыг хамруулан өгүүлсэн энэ жүжиг суут Чингис хаан тодрохоос мянган оны тэртээ, эртний Хүннү гүрний үед өрнөн хүүрнэх нь түүхэн сурвалжийн дүрслэлээс ч үнэмшилтэй ажээ.
Хүмүүний мөн чанарын тухай эргэцүүлэлд хөтлөх энэ эрэлхийлэл нь эрин зуун, үндэс соёл эс хамааран эгнэгт тохиож байдаг эцэс төгсгөлгүй тэмцэл, ялалтын тухай уудлан өгүүлнэ. Хожим мандсан залгамж Монголын эзэнт гүрний алдар цууд ихэнхдээ дарагдан орхигддог Хүннү гүрэн нь эл жүжгээр язгуур өнгө төрх, яргам гүн утга агуулгаараа сэргэн тодорч, тайз төдийгөөс хэтийдэн нүднээ амилан өндийх нь ухаж бодоогүй өвөрмөц сэдлийг оюунд ургуулна.
“Монгол хаан” жүжиг төр улсын түүх хийгээд хүмүүний сэтгэлийн нандин учгийг нийтгэн сүлжилдүүлсэн уран цэцэн, утга гүн хүүрнэл мөний учир үзэгчдийг улс гүрний сүр хүч, эр хүний жудаг зангараг, залгамж ёсны самуурал, ээдрээн тухай эрхэдгүй бодлогшрон эргэцүүлэхэд хүргэнэ.
Херо Баатарын найруулсан “Монгол хаан” жүжиг үзэгч таныг нийслэл Лондон хотын хамгийн том театр Лондон Колизейд Монгол увидаст автуулах ховсдом аянд залж байна. Арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болох тус театрын гоц бүтээл таныг алгаа дэлгэн угтан авч, соёлын хязгаарыг гэтлэн цаг хугацаагаар аялах туульсд аваачна. Үлэмж тансаг, үзэмж төгөлдөр Дорнын эл жүжгээс Монголын эртний түүх, урлаг соёлын сүр жавхланг нүдээр үзэх боломжоо бүү алдагтун" гэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.