Trishna: Хэзээ ч шийдэгдэхгүй нийгмийн асуудлуудыг хөнддөг учраас миний дуунууд хэзээ ч “мартагдахгүй” /ВИДЕО/

Trishna: Хэзээ ч шийдэгдэхгүй нийгмийн асуудлуудыг хөнддөг учраас миний дуунууд хэзээ ч “мартагдахгүй” /ВИДЕО/

Өөрийн гэсэн үзэл бодол, дотоод ертөнцөө нээн уран бүтээлээ туурвиж, залуус дундаа хэдийнээ танигдсан уран бүтээлч Тришнаг бид энэ удаад онцлон ярилцлаа. Шинийг санаачилж, дэлхийн урсгалыг Монголд нэвтрүүлж яваа түүний нэрийг н.Ханбилэг гэдэг. Тэрбээр Хөгжим бүжгийн коллеж болон СУИС-ийг тус тус төгсөж уран бүтээлч болох замналаа эхлүүлжээ. Монголын урлагийн салбарт ус агаар мэт дутагдаж буй шинэ урсгал, дэлхийн бүтээлийг эх орондоо нутагшуулж яваа залуу уран бүтээлч Кришнатай ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

https://www.facebook.com/Isee.mn/videos/346075514680690

- Хүмүүс өөрийг чинь Тришна гэх нэрээр нь маш сайн мэднэ. Жинхэнэ нэрийг нь төдийлөн мэдэхгүй байж магадгүй. Юун түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу? Анх хэзээнээс дуу хийж эхэлсэн бэ? Мөн богино хэмжээний бичлэг хийх болсон. Яагаад рийл хийх болов?

Хэцүү үед чинь хань болдог уран бүтээлч Тришна буюу н.Ханбилэг байна. 2019 оноос хойш уран бүтээлээ хийж эхэлсэн. Зөвхөн дуу хийхээс гадна сошиал хаягтаа богино хэмжээний рийл хийж, сошиал хаягаа хөгжүүлье гэж бодсон. Мэдээж дуун дээр бүжиглээд тик ток хийх биш. Чаддаг юмаа буюу дуугаараа хийе гэж бодоод рийл хийж эхэлсэн. Одоогоор надтай ижил төстэй рийл хийдэг хүн Монголд байхгүй. Нэг утгаараа залуу үеийнхэнд боловсрол олгож байгаа юм л даа. Зүгээр хараад өнгөрөхгүйгээр өөрийнхөө чаддаг зүйлийг бусдад харуулж, шинэ төрлийн контентоор залуу үеийнхэндээ дуу хийх талаар бага ч гэсэн мэдлэг олгохыг хүссэн.

- Сүүлд “Би машинтай ахтай болмоор байна” гэсэн үгэнд ая зохиогоод дуу хийсэн байсан. Үүнийг нь хүмүүс хэр хүлээж авсан бэ? 

Хүмүүс их эерэгээр хүлээж авсан. Хамгийн гоё нь “FL програмыг амархан харагдуулсан Тришнадаа баярлалаа” гэсэн байсан. Амархан харагдуулж байна гэхээр их сайн хийж чаддаг юм шиг харагдсан юм шиг байна лээ. Хүмүүс надаас бүтэн дууг нь нэхээд байгаа. Дуу гаргаад түүнийхээ сурталчилгаа болгож богино хэмжээг нь цацсан гэж ойлгоод байх шиг байсан. Тэр дуу бүтэн гарахгүй л гэсэн үг.

- БИ 10 ЖИЛИЙН ӨМНӨ ОДООГИЙНХ ШИГ ДУУ ХИЙСЭН БОЛ АД ҮЗЭГДЭХ БАЙСАН БАЙХ -

- Хамгийн анхны дуу нь ямар дуу байсан бэ? Дуу хийж буйг нь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бол?

Тришна нэрэн дор хамгийн анх "метроном" гээд дууг гаргасан. Аав ээж маань намайг маш их дэмждэг. Тэр ч утгаараа намайг хөгжим бүжгийн коллежид оруулсан. Миний хамгийн супер фенүүд гэж болно. Бусад эргэн тойрны хүмүүс харин намайг реппер болсон гэхээр маш их гайхсан. Намайг дутуу үнэлээд байсан юм шиг байна лээ. Хүмүүсийн төсөөллөөр бол би стэндап комеди хийх төрлийн хүн л байсан байх л даа. Би өөрөө ч нэлээд нийтэч, марзан хүн. Гэхдээ миний хийж байгаа уран бүтээл болон одоо байгаа хувь хүн хоёр огт өөр. Урлаг уран сайхан гэдэг нь өөр хүний амьдралаар амьдрахын нэр л дээ.

- Өөрийн чинь уран бүтээлээ голчлон хийдэг урсгалыг массаараа сонсоод байх нь төдийлөн ховор шүү дээ. Ер нь хүмүүс дууг нь хэр хүлээж авдаг вэ?

Би одооноос 10 жилийн өмнө ийм дуу хийсэн бол ад үзэгдэх байсан байх. Одоо залуус бол аль болох шинэ зүйлийг эрэлхийлдэг болчихсон. Шинэ юм ийж байгаа хүмүүсийн хажууд миний хийж байгаа зүйл бол огт шинэ биш. Аль дээр дэлхий нийтэд тархсан зүйлийг Монгол ахуйд буулгаад сонсгох хүмүүст гоё байх гэж бодож байсан. Анх хүмүүсийн сэтгэл зүйд нэг их санаа зовж байгаагүй. Хүмүүс нэг их тоохгүй байх гэж бодож байсан чинь яваандаа хүмүүст сонсогдоод эхэлсэн. Нэг их сөргөөр хүлээж аваагүй.

- Өөрийн чинь хувьд уран бүтээл хийхэд бусдын үзэл бодол хэр чухал бол? Мөн ихэвчлэн хэнд зориулж дуу хийдэг вэ? 

Уран бүтээлч хүний сэтгэлгээг сонсогчид сонсож хүлээж авах ёстой байдаг юм уу, уран бүтээлч хүн нь сонсогчдын сэтгэлгээнд тааруулж, тэдний юу хүсэж байгааг хийх ёстой байдаг уу гэдэг асуулт уран бүтээлч болгонд гарч ирнэ. Хэрвээ сонсогчдод зориулж уран бүтээл хийгээд явах юм бол энд тэнд урьж дуулуулна, худалдаж авна. Нөгөө талаараа зөвхөн өөрийнхөө үзэл бодлоор дуу хийгээд явбал тодорхой хүрээлэлдээ л сонсогчидтой болно. Эхний сонголтыг хийсэн хүмүүс ихэвчлэн өөрийн амьд байх хугацаандаа мундаг байгаад 10, 20 жилийн дараа мартагддаг. Харин сүүлийн сонголтыг хийсэн хүмүүс тухайн үедээ од болохгүй ч 50, 60 жилийн дараа дуунууд нь домог болж үлддэг. Гол нь яах гэж уран бүтээлч болж байгаа вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Би бол хоёр дахь сонголтыг хийсэн.

Намайг сонсдог хүмүүс одоо намайг dark уран бүтээлч гэж хэлэхгүй.

Надад punk, EDM, meem rep, trap, хайрын дуу мөн амьд хөгжмийн хамтлагтай хийсэн дуу удахгүй цацагдана. Уран бүтээлч хүн ийм л байх хэрэгтэй байх. Нэг уран бүтээл онцлоод хэлээч гэвэл "Kazumi" гээд ая байгаа. Дуу биш. Энэ аяыг Монголоос цацаад миний хувьд өнгөрсөн жил хамгийн өндөр spotify дээр streaming хийгдсэн дуу болсон. Монголд 9-д орж байсан. Орос, Герман, Недерланд зэрэг Европын орнуудаас маш их сонссон байсан.

- УРАН БҮТЭЭЛЧ ХҮН АЛИВАА ЗҮЙЛИЙГ ҮРГЭЛЖ УРЬТАЖ ХАРЖ, СЭТГЭДЭГ БАЙХ ЁСТОЙ -

- Удахгүй гарах уран бүтээл юу байна? Уншигч сонсогчидтойгоо хуваалцахгүй юу?

Баяртай мэдээ гэвэл сонсогчдын тэсэн ядан хүлээж байгаа “Журай гэлдэн” дууг удахгүй цацна. Үлдсэн дуунуудаа цацах уу үгүй юу гэдгээ бодож байж шийднэ. Он гараад цацах дуунууд маань нэлээд хүнд дунууд байгаа учраас нөхцөл байдлыг харж байгаад болно.

- Өөхийн чинь хувьд залуусын дунд багагүй танил шүү дээ. Ер нь реклам, зар сурталчилгааны санал хэр их ирж байна?

Нэвтрүүлгүүд л надтай их холбогдож байна. Реклам сурталчилгаа ч бүтэн жилээр нь санал болгож байсан хүмүүс бий. Мөнгө нь гоё л доо. Гэхдээ би үгүй гэж хэлсэн. Шинээр гарч ирж байгаа залуу уран бүтээлч хүн өөрийн инстаграмдаа ч юм уу нэг зүйл сурталчлаад, хүсээгүй зүйлээ хийгээд явж байх муухай харагдана. Тиймээс одоохондоо хүлээн зөвшөөрөөгүй. Жоохон хөгшрөөд, эхнэр хүүхэдтэй болбол яалт ч үгүй хийх л байх л даа. Гэхдээ одоохондоо бол дэмий гэж боддог.

- Дуу хийдэг уран бүтээлч хүн гэдэг бусдаас нэг өөр байх ёстой ч юм шиг сэтгэлгээ бусдад байдаг л даа. Заавал бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх ч гэдэг юм уу. Өөрийн чинь бодлоор уран бүтээлч хүн дуугаараа юуг илэрхийлж, нийгэмд ямар нөлөө үзүүлж байх ёстой гэж үздэг вэ?

Дуу хийж байгаа хүмүүс ямар нэгэн зүйлийг бусдаа урьтаж анзаарах л хэрэгтэй. Хараагүй өнцгийг нь харж, шийдээгүй шийдлийг нь олж өгөх ёстой хүмүүс нь уран бүтээлчид. Шийдлийг нь харчхаад бусдадаа хэлдэг хүмүүс нь бас л уран бүтээлчид. Тэр ч утгаараа би хэзээ ч бүрэн шийдэгдэхгүй асуудлуудыг дуугаараа хөнддөг. Тухайлбал хүүхдийн хүчирхийлэл, нийгмийн асуудал, стресс, архидалт хэзээ ч алга болохгүй. Тодорхой хэмжээнд багасгаж л чадна. Ийм асуудлуудыг дахин дахин сануулахын тулд дуундаа оруулж өгдөг. Нөгөө утгаараа хэзээ шийдэгдэхгүй асуудлыг хөнддөг уран бүтээлчийн дуу нь хэзээ ч мартагдахгүй гэсэн үг.

- Дуунуудыг нь ихэвчлэн залуу үеийнхэн сонсдог шүү дээ. Цаашдаа ягг энэ үе рүү л чиглэж дуугаа хийх үү?

Орчин үед уран бүтээлчид залуу үеийнхэнд өөрсдийгөө маш сайн сурталчлах ёстой болсон. Тэр нь хамгийн хэрэгцээтэй. Биднээс доошоо үеийнхэн зөвхөн дуунаас гадна маш олон зүйлийг харж байж фен нь болж байна л даа. Мундаг дуутай байж болно. Гэхдээ доод үеийнхэнд дуу нэг их хамаатай бус юу ярьж, юу хийж байгаа вэ гэдгийг маш хардаг болсон. Бид доод үеийнхэндээ нөлөө үзүүлж байж тэд том болоод бидэнд нөлөө үзүүлж эхлэх юм. Энэ бол хамгийн зөв систем. Аль хэдийнээ 30, 40 настай, худалдан авах чадвартай хүмүүст хандсан дуу хийгээд байвал бас жоохон буруу. Орчин үед энтертаймэнт хийж чадаж байгаа хүн урлагийн ямар ч мэдлэггүй хүн байсан ч алдартай, мөнгөтэй болж чадаж байна. Гэхдээ энэ бол шүүмжлэх зүйл огт биш. Орчин үе ийм л болсон. Диплом бидэнд хэрэгтэй. Гэхдээ хэзээ ч бидэнд трэнд гаргаж өгөхгүй.

- Монголоос дэлхий рүү гарах хэр боломжтой гэж хардаг вэ?

Монголоос дэлхий рүү гарах замыг маш хэцүү болгож хараад байна л даа. Заавал дэлхийн фестивалд уригдаад, шалгалт өгөөд тэнцэх гэх мэтчилэн хүнд юм бодоод байна. Энэ нэг арга мөн. Гэхдээ зүгээр л дэлхийд хийгээгүй нэг контентийг сэтгэж хийгээд хүмүүст яаж хүргэх вэ гэдгээ сайн судалчих. Нэг тоглолт хийх, нэг контент хийх хоёрын зардал огт өөр. Зүгээр гэрийнхээ нэг буланд сууж байгаад хийчихэж болох зүйл шүү дээ. Иймд дэлхийд гарах гэдэг ойлголтыг заавал хүндрүүлж бодоод байх шаардлагагүй.