Монгол Улс Google компанитай албан ёсны хамтын ажиллагаа эхлүүллээ

Монгол Улс Google компанитай албан ёсны хамтын ажиллагаа эхлүүллээ

МУ-ын Ерөнхий сайд 2023 онд АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд дэлхийн технологийн салбарын тэргүүлэгч Google компанитай хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Энэ чухал үйл явдлыг тэмдэглэж Google, БШУЯ, ЦХХХЯ хамтран арваннэгдүгээр сарын 30-ны өдөр “Mongolia x Google Partnership Launch” арга хэмжээг зохион байгуулсан.

Олон улсын технологийн тэргүүлэх ноу-хауг Монголд нутагшуулах шат дараатай ажлууд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих юм. Google компанийн зүгээс Стартап компаниудад Google for startups хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Android хөгжүүлэгч нарт Playstore-оор дамжуулан төлбөр авах, контент хөгжүүлэгч нар Youtube-ээс орлогын эх үүсвэртэй болох боломжийг нээхээр ажиллаж буйгаас гадна цахим хөгжлийг шат ахиулахад шаардлагатай чадавхжуулах хөтөлбөр, материаллаг баазаар хангахаа энэхүү арга хэмжээний үеэр зарласан юм.

Түүнчлэн хүүхэд хамгааллын чиглэлээр Family link системийн Монгол хувилбарыг хөгжүүлж, дөнгөж хэрэглэгчдийн гар дээр нэвтрүүлээд буй. Цаашид БШУЯ-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг 20 мянган ширхэг chromebook зөөврийн компьютероор хангаж, Боловсролын Ерөнхий газар, Teach for Mongolia НҮТББ-тай хамтран Google Certified Educator хөтөлбөрийн дагуу 10,000 багшид цахим ур чадвар эзэмшүүлэх сургалтыг цахим, танхим хосолсон сургалтаар хэрэгжүүлэх төдийгүй ЦХХХЯ-тай хамтран их өгөгдөл шинжилгээ, төслийн менежмент, цахим аюулгүй байдал, UX дизайн, цахим худалдаа, маркетинг, мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадварыг олгох цахим, танхим хосолсон Google Career Certificate хөтөлбөрт мянга 500 залуусыг хамруулахаар төлөвлөжээ.