Б.Эрдэнэбат: “Камертон” хамтлаг 21 жилийн дараа БНСУ-ын Сөүл хотод бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаа /ВИДЕО/

Б.Эрдэнэбат: “Камертон” хамтлаг 21 жилийн дараа БНСУ-ын Сөүл хотод бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаа /ВИДЕО/

1995 оны зургаадугаар сарын 24-нд Хөгжим Бүжгийн Сургуулийн оюутан байсан Болдоо, Мээдээ нар Ганаа, Эба хоёрт хамтран дуулахаар санал тавьснаар Камертон хамтлаг үүсэн байгуулагдсан гэдэг. Улмаар Монголын эстрад хөгжмийн шинэ үеийн төлөөлөл болж, бүх цаг үеийн шилдэг хамтлагийн нэг болж чадсан юм. Өдгөө тус хамтлагийг “амьд домог” гэх нь ч бий.

Ингэж үзэгч олноосоо өндөр хүндэтгэлийг авах болсон шалгаан нь яах араггүй сайн уран бүтээл, алдартай болсон ч тарж бутарч явалгүй үзэгчдээ хүндэлж, ямар ч үед дөрвүүлээ "Камертон" гэх нэрийн дор дуулж яваа нь биз ээ. Энэ талаар тус хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат хэлэхдээ “ер нь камертон хамтлагт нэг зарчим байдаг. Камертон бол дөрвөн хүний л хамтлаг гурван хүн биш, нэг хүнийх биш. Тэгэхээр бид хаана ч байсан үзэгчдээ хүндэлдэг. Бид дөрвүүлээ л байх ёстой. Дөрвүүлээ л байдаг” хэмээсэн юм. Иймд бид энэ удаа 21 жилийн дараа “Камертон” БНСУ-д суугаа монголчууддаа зориулж тус улсын нийслэл Сөүл хотод бүрэн хэмжээний тоглолт хийх гэж буй талаар хамтлагийн гишүүн Б.Эрдэнэбатаас тодруулан, ярилцлаа.

ВИДЕО: 

-“Камертон” хамтлаг дахин БНСУ-д тоглолтоо хийхээр болсон гэж сонссон. Энэ талаар дурдвал?

-Хэд хоногийн дараа Камертон хамтлагийнхан Сөүл хотод тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолт маань 21 жилийн дараа Сөүл хотод өөрсдөө бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийж байгаа гэдгээрээ онцлог. Бид өөрсдөө бас нэлээд хүлээлттэй байгаа. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Гэхдээ дуу гэдэг мөнхийн сайхан мөнхийн сайхан зүйл байдаг. Тэгэхээр энэ хугацаанд гаргасан дуунуудаа дуулж, нэгэн оройг сайхан өнгөрүүлнэ гэсэн хүлээлттэй байж байна. Одоогоор яг энэ тоглолтдоо бэлдээд байж байна. Би ганцаараа студийн бичлэгийн дундуур гарч ирээд ярилцлагад орж байгааг үзэж байгаа хүмүүс маань ойлгоно биз ээ.

-Солонгос Улсад оршин суугаа Монгол үзэгчдэдээ хандаж үг хэлбэл?

-Олон сайхан аавууд, ээжүүд БНСУ-д гэр бүлийнхээ төлөө ажиллаж, амьдарч байгаа. Бид ч гэсэн тэднийгээ хүндэтгээд ирсэн хүмүүстэй бид сэтгэлээсээ нэг оройг санаж буй нутгаа, эх орноо санаж буй сэтгэлийг нь бага ч болов дэвтээх сэн дуугаар дамжуулаад нэг орой Монголдоо байгаа мэт сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээж байна. Магадгүй бид жил болгон очихгүй. Таван жилдээ ч очихгүй байх дахиж хэзээ очихоо хэн ч мэдэхгүй. Тиймээс энэ маш ховорхон тоглолт болох болов уу гэж бодож байна. Та бүхэн ирж үзээрэй сайхан тоглолт болно байх.

Хүмүүс маш их асуусан. Надаас бас асууж байна л даа. “Та бүхэн дөрвүүлээ ирэх юм уу л гэх юм” ер нь камертон хамтлагт нэг зарчим байдаг. Камертон бол дөрвөн хүний л хамтлаг гурван хүн биш, нэг хүнийх биш. Тэгэхээр бид хаана ч байсан үзэгчдээ хүндэлдэг. Бид дөрвүүлээ л байх ёстой. Дөрвүүлээ л байдаг.

-Тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

-Бэлтгэлээ хийж л байна. Студид бичлэгт орчихсон байгаа. Тэгэхээр бидний хоолойны бэлтгэл ажил гэдэг зүйл тултал хангагддаг л даа. Студийн бичлэг гэдэг нэлээд чанга байдаг. Тэгэхээр бидэнд дуулалтын бэлтгэл дээр ямар нэг асуудал байхгүй. Харин зарим нэр бүхий хүмүүс өөрсдийн тарган байгаа асуудалд анхаарч байгаа байлгүй. Миний хувьд бол гайгүй. Би ч одоо яг жингээрээ л байдаг хүн 20 жил ийм л байж байна. Харин нэр бүхий хүмүүсийг хамтлагийнхан бас зэмлэж байгаа. Тэгээд жаахан жингээ хасах болов уу гэж бодож байгаа.

-“Камертон” хамтлагийн цаашдын уран бүтээлийн хувьд. Юуг зорьж байна?

-Бид 2025 онд буюу жил гаруйн дараа манай хамтлагийн 30 жилийн ой болно. Тэр ажилдаа зориулж нэлээд олон ажил төлөвлөсөн байгаагийн нэг хэсэг нь шинэ дууны цомог гаргах байгаа. Бид хоёр хоногийн өмнө хуучин дуунуудаараа студид зүгээр нэг шууд бичлэг хийсэн. Тэр бол бидний зүгээр студид сургуулилт хийж байхад манайхан авсан бичлэг байсан. Түүнийг хүмүүс таатай хүлээж авч байгаад бид баярлаж байгаа.