ВИДЕО: Цагт 500 модны нүх ухах хүчин чадалтай, бензинээр ажилладаг роботыг монгол залуус бүтээжээ

ВИДЕО: Цагт 500 модны нүх ухах хүчин чадалтай, бензинээр ажилладаг роботыг монгол залуус бүтээжээ

Монгол Улс “Тэрбум мод” үндэсний аяныг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд иргэн бүр мод тарихыг эрмэлзэх болсон. Гэвч мод тарихын хамгийн хүндрэлтэй, хэцүү зүйл нь модны нүх ухах байдаг. Тэгвэл энэ ажлыг хөнгөвчилж, Монгол залуус модны нүх ухагч робот зохион бүтээжээ.

ВИДЕО: 

Энэхүү модны нүх ухагч робот нь бензин хөдөлгүүртэй, гар утасны аппликейшнээр холбогдон удирдах боломжтой бөгөөд цагт 400-500 модны нүх ухах хүчин чадалтай гэнэ. Ингээд бид үргэлжлүүлэн "KS made in Mongolia" компанийг үүсгэн байгуулагч Б.Баянжаргалаас техникийн талаар холбогдох мэдээллийг тодрууллаа.  

Тэрбээр, "Энэхүү роботыг хийгээд долоон сар гаруйн хугацаа өнгөрчээ. Анх  Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан "Инновацийн эцэд" нэвтрүүлэгт орохын тулд модны нүх ухагч роботоо зохион бүтээсэн бөгөөд тус нэвтрүүлэгтээ түрүүлсэн. Бусад орны хувьд одоогоор Хятадын "Huawei" компани үүнтэй төстэй техник хийсэн бөгөөд туршилтын шатандаа явж байгаа. Хэрэглээнд арай нэвтрүүлээгүй байгаа гэсэн үг. Энэхүү мод ухагч роботын давуу тал нь өгсөн координатын дагуу модны нүхний тоо хэмжээ, урт өргөнийг тохируулах боломжтой. Монголд яг энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг анхдагч төхөөрөмж юм.

Мөн гидер системээр ажиллана. Үйл ажиллагаандаа мотоциклын мотор ашигласан байгаа бөгөөд явах, өргөх, ухах эд ангиуд нь бүгд гидер системээр ажилладаг. Энэхүү роботыг мод ухахаас гадна цас цэвэрлэх, хадлан хадах зэргээр ашиглах боломжтой. Харин зөөхдөө машинд ачаад зөөдөг. Тэгэхгүй бол робот маань өөрөө цагт 10 км хурдалдаг учраас нэлээн удаан гэсэн үг. Машин дээр ачихдаа ковш зэрэг техник шиг өөрөө авираад гарчихна.

Түүнчлэн бас нэг давуу тал, бусад нүх ухдаг машинаас өөр зүйл нь тохижилт хийсэн зүлэг талбайг огт сүйтгэхгүй. Нүх ухах өрмийг томосгож, жижигсгэж болно. Ямар хөрс байна түүнээсээ л шалтгаалдаг юм. Хамгийн том нь 40 см диаметртэй, 60 см гүнтэй нүх ухах боломжтой бөгөөд цагт 400-500 нүх ухах хүчин чадалтай. Гол нь хүний оролцоо орохгүйгээр гар утасны аппликейшн ашиглаж байгаа нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн эд л дээ. Мөн цаашид ч сайжруулалт хийнэ. Гадны орнуудад энэ төрлийн техникийг худалдаалдаг үнэ нь 10-15 сая байдаг. Харин бидний хувьд механик хийцээс гадна GPS-тэй гэдэг том давуу талтай учраас ойролцоогоор 40-50 сая төгрөгөөр үнэлэгдэх болов уу гэж бодож байгаа. Гэхдээ бид энэ роботоо үйлдвэрлэж зарахгүйгээр өөрсдөдөө 4-5 ширхэгийг үйлдвэрлээд түрээсийн үйлчилгээ үзүүлнэ. Тиймээс зөвхөн өөрсдийнхөө компанид л зориулж хийж байгаа гэсэн үг" гэлээ.