БНСУ-ЫН ИРГЭН СОН ТЭ ЁОН: Монголд амьдрах мөрөөдлөө биелүүлэхээр Солонгост шөнийн цагаар үйлдвэрт ажиллаж байгаа /ВИДЕО/

БНСУ-ЫН ИРГЭН СОН ТЭ ЁОН: Монголд амьдрах мөрөөдлөө биелүүлэхээр Солонгост шөнийн цагаар үйлдвэрт ажиллаж байгаа /ВИДЕО/

Сүүлийн жилүүдэд залуус эх нутгаасаа дайжиж, олноороо харь орныг зорих болсон. Учир нь Монгол Улсад амьдрах орчин нөхцөл муу, хийж бүтээх боломж бага, ажиллах таатай нөхцөл цалингийн асуудал оюутан залуусын хувьд бэрхшээл болсноор өндөр хөгжилтэй гаднын улсуудыг зорьж, ажиллаж амьдрах болсон билээ. Гэхдээ ингэхдээ залуус эх орныхоо байгаль, ёс заншил, уламжлалт амьдралын үнэт зүйлсээ үгүйсгэж мартсан нь харамсалтай.

Тэгвэл оюутан залуусын олноор очих болсон БНСУ-ын иргэн Монголд амьдрахыг мөрөөдөж, багаасаа л зорилгодоо хүрэхээр монгол судлалаар суралцаж,  цаашдын бүхий л амьдралаа монголд амар тайван өнгөрүүлэхийн тулд ажиллаж байгаа гэвэл та итгэх үү. Эл түүхийн эзэн 31 настай солонгос залуу Сөнг тэ ёөнг багаасаа монголын уламжлалт амьдрал байгалийн сайханд татагдаж, их сургуулиа монгол судлалаар дүүргэж, Дорнод аймагт сайн дурын багшаар багшилж эхэлсэн байдаг. Харин өдгөө Монголд насан туршдаа амьдрах мөрөөдлөө биелүүлэхээр солонгос улсад үйлдвэрт ажиллаж мөнгөө хурааж буй аж.

ВИДЕО: 

Түүний монгол нэрийг Цогоо гэдэг. Тэр 1992 онд Солонгосын Бусан хотод төржээ. Улмаар 15 настайгаасаа Монгол Улсын ахуйн амьдралын сонирхож, дуртай болсноор солонгост байдаг Данкүк их сургуулийн Монгол судлалын ангид элсэн суралцаж, төгссөн. Харин монгол руу явахад нь гэр бүл, найз нөхөд нь түүнийг "монголд нугасгүй" нэгэн гэж нэрлэдэг байсан тул “сайн яваад ирээрэй” хэмээн дэмжин, үдэж өгсөн аж. Улмаар монголд дөрвөн удаа ирж жил амьдарсан дурсамжаа бидэнтэй хуваалцсан юм. 

Тэрбээр “Би монголын хэд хэдэн аймгаар аяласан. Түүнээс надад хамгийн их таалагдсан нь Дорнод аймаг байсан. Учир нь тус аймаг маш өргөн уудам талтай учраас надад таалагддаг. Би хүйтэн цаг агаарт дуртай. Тиймээс монголын цаг агаар надад маш их таалагдсан Харин солонгос дулаахан бас хэт халуун байдаг. Мөн монголын үндэсний хувцас дээл маш гоё санагддаг. Би дээлийг дэлхийн хамгийн гоё хувцас гэж боддог. Надад одоо таван дээл бий. Бас үндэсний хоолнууд нь үнэхээр гоё. Тэрэнд нь илүү дуртай гэж онцолж хэлж чадахгүй байна. Учир нь би бүх махтай хоолонд дуртай” хэмээсэн юм.

Цогоогийн монголд өнгөрүүлсэн бүх үе нь сайхан дурсамж болж үлдсэн бөгөөд онцлон дурдсан нь Дорнодын малчин айлд морь унаж, ааруул идэж давхисан үе нь аж. Харин монгол хэлийг сургуульдаа суралцахын хажуугаар олон монгол найзтай байсан тул хамтдаа цагийг өнгөрүүлж ярилцсанаар суралцаж сурчээ.

Мөн түүнд монгол хүмүүсийн шулуун шударга зан таалагддаг бол удирдлагын систем нь таалагддаггүй онцолж байсан юм. Энэ талаар ярихдаа “Монголд бичиг баримттай холбоотой ажил хөөцөлдөх маш хэцүү удаашралтай байдаг. Долоо хоногоос хэдэн сар хүртэл хүлээж байж нэг бичиг авдаг тэр удирдлагын систем нь надад таалагддаггүй” хэмээсэн юм.