Д.Бат-Эрдэнэ: Засах ёстой нийгмийн эмзэг сэдвүүдийг мартуулахгүйн тулд гэрэл зураг дардаг болсон

Д.Бат-Эрдэнэ: Засах ёстой нийгмийн эмзэг сэдвүүдийг мартуулахгүйн тулд гэрэл зураг дардаг болсон

Өөрийн болон хамтарсан гэрэл зургийн хэд хэдэн үзэсгэлэн толилуулаад амжсан архитектур мэргэжилтэй, гэрэл зураг сонирхогч Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Юун түрүүнд өөрийгөө танилцуулаад ярилцлагаа эхэлье. Мөн яагаад анх гэрэл зураг сонирхох болов, юунд нь татагдав, ямар чиглэлээр зураг дарж байна?

-Намайг Бат-эрдэнэ гэдэг. Архитектур, гэрэл зураг сонирхогч хүн байна. Би 2018 оноос хойш гэрэл зураг сонирхож эхэлсэн. Яагаад гэрэл зураг дарах болсон бэ гэхээр үгээ хэлэх, үзэл бодлоо, өөрийгөө илэрхийлэх урлагийн нэг төрөл юм байна гэж бодсон. Архитектурын гэрэл зураг, гудамжны гэрэл зургийн төрлөөр явж байгаа.

-Одоогоос хоёр сарын өмнө "Бетонон ой" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Үүнийг Соёлын яам онцлон, нэг сар яамны танхимд бүтээлүүд нь байсан. Энэ гэрэл зургийн үзэсгэлэнгээр юуг харуулахыг хүссэн бэ?

-Би өөрөө архитектур хүн учир энэ чиглэлээр анх гэрэл зураг дарж эхэлсэн. Энэ төрлөөр нэг юм хийе гэж бодсон. Үгээ хэлье, үзэл бодлоо илэрхийлье гэж бодоод тус үзэсгэлэнг гаргасан. Энэхүү үзэсгэлэн нэгдүгээрт Улаанбаатар хот дотроо ямар ч төлөвлөлтгүй, бетонон ширэнгэ болчихлоо гэж хэлэхийг зорьсон. Хоёрдугаарт түүхэн дурсгалт барилгуудаа нурааж байна. Энийг авч үлдмээр байна гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон. Гуравдугаарт архитектурын гэрэл зураг гэж ийм төрөл байдгийг харуулах гэж зорьсон.

-Бид ам хэлээрээ нийгмийг шүүмжилдэг бол та бүхний хувьд гэрэл зургаар шүүмжлээд байна. Гэрэл зургаар шүүмжилсэн онцлох бүтээлийг дурдана уу?

-Онцлох зураг гэвэл Санхүү эдийн засгийн сургуулийг нураахад би зургийг авч байсан. Хайран санагдсан. Тэр түүхэн барилгыг нураахаар давхар хүмүүсийн гоё дурсамжийг үгүй хийчихдэг юм байна билээ. Нураахаас нь өмнө бүрэн бүтэн зургийг авбал гоо сайхныг хүмүүст харуулах нь дурсамжийг сэдрээж өгдөг юм шиг санагддаг. Анх өөрийгөө яг ямар төрлөөр зураг аваад байгаагаа мэддэггүй байсан. Сүүлдээ баримтат, гудамжны, архитектурын гэрэл зургийн ялгааг мэдсэн. Гудамжны гэрэл зураг нь баримтат гэрэл зургийн суурь юм байна билээ.

-Гудамжны гэрэл зураг бусад төрлөөсөө ялгарах онцлог нь юу вэ?

-Гудамжны гэрэл зураг гэдэг зурагчин камераа аваад л гудамжинд гарах үйл явц юм. Гудамжинд бүх сэдэв байгаа. Ер нь манай улсад гудамжаар дүүрэн сэдэв, асуудал, стресс байна. Энэ асуудлыг шийдэх юмсан гэсэн сэдвээ барьж аваад зураг дараад нийгэмд хүргэдгээрээ онцлогтой. Долоо хоног бүх шуугиан тарьсан асуудал гардаг. Дараагийн долоо хоногт мартчихдаг. Тэр бүрийг мартуулахгүй, санамаар байх зорилготой. Сайн гэрэл зураг ярьдаг гэдэг. Камераа аваад зураг дарахдаа юу ч бодолгүйгээр биш ямар нэгэн сэдвийг барьж аваад гарах хэрэгтэй. Зорилгогүй гарвал, хэрэггүй олон зураг дарах магадлалтай. Тухайн нэг сэдэв аваад гарна. Нэг өдөрт бүх сэдвээрээ зураг дарж чадахгүй байлаа ч ямар нэгэн зурагтай ирнэ. Маргааш нь дахин зургаа дарахаар гарна. Тэгж цуврал зурагтай болно. Ер нь цор ганц шилдэг зургаас цуврал зураг хүнд их хүрдэг юм байна гэж би ойлгосон. Нэг сэдэв аваад тэр сэдвээ мөлжөөд илүү боловсронгуй болгоод яваад байдаг.

-Яг энэ төрөл дээр сэдвээ гоё хөндөж байгаа таны мэддэг гэрэл зурагчин бөгөөд гэрэл зургийн талаар ярьж өгнө үү?

-Олон мундаг гэрэл зурагчид байгаа. Сүүлд "Гудам" нэртэй гэрэл зургийн клуб байгуулагдсан. Би ч гэсэн тэр клубийн гишүүн. Одоо галерей дээр Pixels нэртэй анхны гэрэл зургийн үзэсгэлэн гарч байгаа бөгөөд энд маш олон гоё гэрэл зургийн бүтээлүүд бий.

-Та өөрөө залуу уран бүтээлч. Таны хувьд Монгол улсын гэрэл зургийн хөгжил ямар хэмжээнд явж байна вэ?

-Би сонирхогч болохоор гэрэл зургийн хөгжлийг мундаг гэж боддог. Монголын гэрэл зургийн холбоо, Батзориг сан гэх мэт гоё үйл ажиллагаа явуулж байгаа газрууд байдаг. Саяхан "Photo week" болсон. Дан ганц Монголдоо биш гадагшаа зургаа явуулах үйл ажиллагаа их хийдэг байх. "Батзориг сан" залуу гэрэл зурагчинд чиглэсэн хөтөлбөрүүд хийдэг. Саяхан "Гудамжны гэрэл зургийн хөтөлбөр" хийсэн ба энд хамрагдсанаар гэрэл зургийн тухай ойлголт сайн болсон гэж боддог.

-Та өөрийгөө сонирхогч гэж тодорхойлоод байгаа. Цаашид гэрэл зургаараа сурах бодол бий юу?

-Би эргэлт буцалтгүй гэрэл зургийн ертөнцрүү орчихсон. Зураг дарахгүй гудамжаар алхахаар стресстэх төлөвтэй болсон байна билээ. Цаашаа энэ чиглэлээр илүү сурч, хөгжүүлж өөр өөр сэдвийг хөндөн үгээ хэлье гэж бодож байгаа. Баримтат гэрэл зургийг нийгмийн тухайн цаг үеийн үйл явдлын гэрч болдог мөн түүхийг авч үлддэг төрөл гэж би боддог.

-Та сая ярихдаа "Гудам" нэртэй гэрэл зурагчдын клуб байгуулагдсан гэсэн яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Гэрэл зураг сонирхож эхэлж байгаа хүмүүс элсэж орох боломжтой байдаг уу?

-"Батзориг сан"-аас зохион байгуулсан "Гудамжны гэрэл зураг" хөтөлбөрт хамтдаа хамрагдсан янз бүрийн мэргэжилтэй 26 гэрэл зурагчид сонирхлоороо нэгдэн тус клубийг үүсгэн байгуулсан. Энэ клубд туршлагатай ба сонирхогч гэрэл зурагчид бий. Бүгд нэг сэдэв барьж аваад хамтдаа зурагтаа гардаг. Бидэнд хаалттай сошиал групп байдаг. Тэнд зургуудаа тавьж хоорондоо хэлэлцдэг. Хүмүүс бие биеэсээ суралцах нь маш үр дүнтэй байдаг.

-Танай клубийн цаашдын зорилго юу вэ? Мөн энэ чиглэлийн гэрэл зургийг сонирхож, үүгээр мөнгө олж амьдрах гэж байгаа хүүхдүүдэд мэдээлэл хүргэнэ үү?

-Нийгэмд тулгамдаж буй сэдвүүдээр зургаа дарж, үзэл бодлоо илэрхийлье. Цаашдаа олон улсын уралдаан тэмцээнд оролцох зорилготой байна. Энэ чиглэлээр гэрэл зураг сонирхож байгаа хүүхдүүдэд гэж хэлэхэд камераа аваад гудамжинд гарах хэрэгтэй. Гудамжаар дүүрэн сэдэв, шинэ санаа байгаа. Шантрахгүй цуцахгүй дараад л байх хэрэгтэй. Мөн дарах дарахдаа бодож дардаг байх хэрэгтэй. Мөнгө олох тал дээр Монголд байгалийн гэрэл зураг сайн зарагддаг юм шиг санагддаг. Мөн гудамжны гэрэл зургийг зарж болно гэхдээ түүнээс илүү өөрийгөө илэрхийлэх нь чухал.

-Түүхийн соёлын үнэт өв болсон түүхэн барилгыг нурааж буй үйл явцыг гэрэл зурагчин, архитектур мэргэжилтэй хүн хэрхэн хүлээн авдаг вэ?

-Түүхэн дурсгалт барилгуудаа сэргээн засварлан, арчилж хамгаалаад авч явж чаддаггүй нь маш харамсалтай. Хуучны ч гэсэн бидний анхны хотын барилгууд шүү дээ. Архитектурын гэрэл зураг дарснаар энэ барилгуудыг хайрлан хамгаалах, ариг гамтай хэрэглэх хэрэгтэй гэсэн санааг хүмүүст хүргэх боломжтой гэж боддог. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа түүртэн түүхэн барилгын архитектурын гоё шийдлүүдийг харалгүй өнгөрдөг юм шиг санагддаг. Харин гэрэл зурагт тухайн барилгын баганын деталиудыг нарийвчлан буулган, гоё зүйлсийг олж харан хүмүүст анзааруулах боломжтой. Мөн архитектурын зургийг дарж түүхэн барилгуудаа хайрлаж хамгаалж байгаарай гэж гэрэл зураг сонирхогч залуустаа хандаж хэлмээр байна.




Өнөөдөр туулай өдөр

10 минутын өмнө