ВИДЕО: Үнэгүй интернэт, эмийн сан, галын хортой "Дулаан автобусны буудал" ирэх долоо хоногт ашиглалтад орохоор болжээ

ВИДЕО: Үнэгүй интернэт, эмийн сан, галын хортой "Дулаан автобусны буудал" ирэх долоо хоногт ашиглалтад орохоор болжээ

Монгол Улсын Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг. Иймд иргэдэд хүйтний улиралд стандартын шаардлага хангасан, тохитой дулаан автобусны буудал зайлшгүй хэрэгтэй байдаг.

ВИДЕО:

Харин иргэн Ж.Энхжаргалан өөрийн хөрөнгөөр сүүлийн үед тренд болоод буй кабин хаус технологийг ашиглан туршилтын завод автобусны дулаан зогсоол хийлгэсэн бөгөөд үүний эхний хувилбарыг СХД-ын 29-р хорооны Сүлжмэлийн буудал дээр байрлуулсан байна. Тэгвэл бид энэхүү дулаан автобусны буудлыг онцоллоо.

Биднийг очиход тухайн дулаан автобусны зогсоолын ашиглалтын ажил дуусаагүй, ажилчид тог холбохоор мэрийн ажиллацгааж байв. Харин автобус хүлээн зогсож буй иргэд шинэ бүхээгийн цонхоор харах, тойрч үзэх зэргээр ихэд сонирхон харж, "ямар гоё юм бэ хурдан ашиглалтад ороосой" гэж хоорондоо ярилцаж байлаа. Мөн тэнд ажиллаж байсан хүмүүсээс тодруулахад "Ирэх долоо хоногт ашиглалтад орно. Ашиглалтад орсны дараа өглөө 06:00-23:00 цагийн хооронд дотроо хянах ажилтантай үйл ажиллагаа явуулах болно" гэж хариулсан юм.

Тус зогсоолыг олон улсын стандартаар БНХАУ-д хийлгэсэн бөгөөд эхний дулаан автобусны зогсоолыг Сүлжмэлийн урд буудал дээр байршуулжээ. Дулаан зогсоолын кабин нь 22м2 бүхий үндсэн их бие нь хөнгөн цагаан, нарны хэт ягаан туяанаас хамгаалсан хоёр давхар үе бүхий хатаасан шилтэй. Дотор хүмүүс суух сандлууд, галын хор, эмийн сан, хяналтын царай хадгалах 24 цагийн камер, заалны аудио систем, утасны залгуурууд, үнэгүй интернэт, өвөл халуунаар үлээх, зун хүйтнээр үлээх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарж болдог боломжтой байхаар хийлгэсэн байна.

Тэгвэл энэ дулаан автобусны буудал анх тавигдсан жишиг биш юм. Өмнө нь хэд хэдэн удаа стандартын дулаан автобусны буудал тавигдаж байсан. Тухайлбал, Налайх дүүргийн 7-р хороонд 2021 оны өвөл "Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ- аас жишиг автобусны буудлыг барьж, тохижуулсан. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсны дараа идэр есийн хүйтэнд автобус хүлээн даарч, хөрөхөөргүй болсон олон иргэний магнай тэнийсэн. Үүнээс гадна автобусны буудалд гар утасны цэнэглэгч, сандал, зурагт хүртэл суурилуулсан байж. Гэвч удалгүй тус жишиг автобусны буудлыг тонож цэнэглэгч, камер, дэлгэц зэргийг нь хулгайлсан.

Өнөөдөр гадаадын улс орнууд сансарт жуулчин илгээж, саран дээр хөл тавьж байхад зарим ухамсаргүй Монголчууд Чингис хаанаа ярьж цээжээ дэлдэн, халамж нэхэж, төр засгаа буруутгасаар. Болж бүтэхгүй байгаа бүхний бурууг өрөөл бусдаас хайхын оронд өөрсөд рүүгээ өнгийх цаг нэгэнт болжээ. Өвлийн цагт нэн хэрэгтэй дулаан автобусны буудлыг иргэдэд хүртээмжтэй байлгах, соёлтой үйлчлүүлэхийг уриалж бид энэ удаагийн сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ.