ХӨШИГНИЙ АРД: Сонгуулийн тойргийг 11 бүс болгон томсгож, хуучин гишүүдээ тойрогт дэвшүүлж, залуучуудаа жагсаалтад бичих хувилбарыг боловсруулж, МАН-ын бүлэгт танилцуулжээ

ХӨШИГНИЙ АРД: Сонгуулийн тойргийг 11 бүс болгон томсгож, хуучин гишүүдээ тойрогт дэвшүүлж, залуучуудаа жагсаалтад бичих хувилбарыг боловсруулж, МАН-ын бүлэгт танилцуулжээ

МАН-ын бүлэг өчигдөр /2023.12.11/-ийн хурлаараа зургаан сарын дараа болох УИХ-ын сонгуульд оролцох тоглоомын дүрмээ ярилцжээ. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог, мандаттай холбоотой асуудлаар санал солилцож, шийдэл гаргасан.

-“БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙГ ТУСАД НЬ НЭГ БҮС БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ” ГЭСЭН САНАЛЫГ Ч МАН-ЫН ЗАРИМ ГИШҮҮД ГАРГАЖЭЭ-

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулахдаа “Бүсчилсэн тойрог болгох асуудлыг судалж, бусад улс төрийн намтай зөвшилцөж, санал авсны үндсэн дээр шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Ийнхүү зөвшилцөөд санал боловсруулж оруулж ирэх чиглэлийг намын болон УИХ-ын удирдлагуудад МАН-ын бүлгийн зүгээс чиглэл өгч шийдвэр гаргалаа” гэсэн юм. Тэгвэл өчигдөр /2023.12.11/ болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд тэрбээр Монгол Улсыг таван бүсэд хувааж, сонгуулиа явуулж болно гэх саналыг хэлжээ. Ингэхдээ саяхан МАН-аас иргэдийн дунд социологийн судалгаа явуулсан. Тус судалгааны хариуд үндэслэн УИХ-ын сонгуулийн тойргийг томсгох шийдэлд хүрсэн гэж хэлсэн байна.

Өөрөөр хэлбэл, тэрбээр МАН-ын нэр хүнд Улаанбаатар хотын иргэдийн дунд “муу” байна гэх дүгнэлт гарсан тул сонгуулийн тойргийг томсгох шийдэлд хүрсэн гэж тайлбарлажээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг сөрж сонгуулийн тойргийг илүү жижгэрүүлэх хэрэгтэй гэсэн бол зарим нь томруулах нь зөв зэргээр санал хуваагдан байр сууриа илэрхийлж байжээ. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд Үндэстний цөөнхийн онцлогийг харгалзаж Баян-Өлгий аймгийг тусад нь нэг бүс болгох шаардлагатай гэсэн саналыг ч гаргасан байна.

-ГУРВАН АЙМГИЙГ НИЙЛҮҮЛЖ НЭГ ТОЙРОГ БОЛГООД ОЛНЫ ТАНИЛ ХУУЧИН УЛС ТӨРЧДӨӨ ТОЙРОГТ НЭР ДЭВШҮҮЛЖ, ЗАЛУУЧУУДАА ЖАГСААЛТАД БИЧИХ ХУВИЛБАРЫГ БОЛОВСРУУЛЖЭЭ-

Ингээд эцэст нь 21 аймгийг гурав, гурваар нь хувааж 7 бүс, Улаанбаатар хотын найман дүүргийг 4 бүсэд хувааж сонгуулиа хийе гэдэгт санал нэгджээ. Харин аль аймгийг нэгтгэж нэг бүс болгох талаар тодорхой шийдэлд хүрээгүй байна. Энэ тохиолдолд мандатын тоо өөрчлөгдөхгүй гэж МАН-ынхан үзсэн бөгөөд энэхүү саналаа бусад улс төрийн намуудад танилцуулж саналыг нь авсны дараа дахин бүлгийн хурлаараа ярилцаж эцсийн шийдвэрт хүрэхээр тохирчээ.

Гэхдээ сонгууль хийх “тоглоомын дүрэм”-ээ эрх баригчид өөрсдөө гаргаж, түүнийгээ бусдад танилцуулж саналыг нь авсан болоод л УИХ дээр МАН-ын бүлэг олонхоороо хүч түрээд батлах нь тодорхой.

Харин намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг парламентын гишүүнээр тодруулахдаа улсыг бүхэлд нь нэг тойрог болгох эсвэл бүсчилсэн дээрээ жагсаалтад бичигдсэн хүмүүсийг тав хувааж саналыг хуудаст бичих гэсэн хувилбаруудыг ярилцаж, тодорхой шийдэлд хүрээгүй байгаа аж. Тэгвэл аймгуудыг нэгтгэж сонгуулийн нэг бүсчлэл буюу том тойрог болгохын онцлог нь улсын төсвийн мөнгийг 76 жижиг тойрог, 330 гаруй суманд тарааж цацахгүйгээр томоохон төсөлдөө зарцуулдаг болох өнгөрсөн хугацааны алдааг засахтай шууд холбоотой. Харин “хэцүү” нь шинэ залуу улстөрчид том тойргоос сонгогдох нь хэцүү бөгөөд гурван аймагт сурталчилгаагаа хийж, богино хугацаанд танигдана гэдэг нь асуудал юм. 

Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын дарга Д.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар ирэх сонгуульд намынхаа жагсаалтад залуучуудаа оруулж, туршлагатай гишүүдээ тойрогт нэр дэвшүүлэхээр бэлтгэж байгаа аж.