"Монгол-Кувейт хооронд шууд нислэгтэй болно" гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ

"Монгол-Кувейт хооронд шууд нислэгтэй болно" гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Кувейт Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн гурав дахь зөвлөлдөх уулзалт 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр онлайнаар боллоо.

Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал эрхэлсэн туслах сайд Самех Эсса Жохар Хаят нар хамтран даргалав. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтуудыг нарийвчлан хэлэлцжээ. Мөн 2023-2025 оныг "Монголд айлчлах жил" болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хоёр улсын хооронд агаарын харилцааны Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тохиролцсон байна.

Түүнчлэн ойрын хугацаанд Монгол, Кувейтийн харилцааг “иж бүрэн түншлэлийн” түвшинд хүргэх хамтын ажиллагааны “замын зураг”-ийг боловсруулж дуусгахаар талууд тохиролцсон аж.

Мөн Монгол Улсаас Персийн булангийн орнууд, тэр дундаа Кувейт рүү мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлыг эхлүүлэх ажлын явцын талаар санал солилцсон байна. Кувейтийн Гадаад хэргийн яамны Азийн асуудал эрхэлсэн туслах сайдын туслах Самех Эсса Жохар Хаят хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа харилцан ашигтай бүх салбарт, тэр дундаа хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжоор өргөжин хөгжих боломжтойг тэмдэглэв. .