Д.Хишигбаяр: Ээж минь гэрийн бүрээс авах мөнгөөрөө хөрөнгө оруулж Монголын анхны нярайн гэрэл зургийн студиэ нээсэн /ВИДЕО/

Д.Хишигбаяр: Ээж минь гэрийн бүрээс авах мөнгөөрөө хөрөнгө оруулж Монголын анхны нярайн гэрэл зургийн студиэ нээсэн /ВИДЕО/

Бид энэ удаа Монголын анхны нярайн гэрэл зургийн студийг онцоллоо. Өдгөө зургаан жилийн ойн босгон дээр ирээд буй тус студийг анх Д.Хишигбаяр үүсгэн байгуулжээ.

Түүний хувьд 2010 оноос гэрэл зураг сонирхож, тус мэргэжлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 онд охиноо өлгийдөн авч зургийг нь даруулах гэсэн боловч Монголд нярайн гэрэл зураг дардаг газар байхгүй байсан гэх. Улмаар гаднын нярайн гэрэл зургийн студийн жишгийг судалж монголдоо нэвтрүүлсэн байдаг. Ингээд "Miss K Mongolia" нярайн гэрэл зургийн студийн үүсгэн байгуулагч Д.Хишигбаярын яриаг хүлээн авна уу.

ВИДЕО: 

Тэрбээр "Miss K Mongolia" нярайн гэрэл зургийн студиэ хэрхэн үүсгэн байгуулсан талаараа, “Монголд нярайн гэрэл зургийн студи байхгүйг мэдээд зураглаач найзуудаасаа энэ төрлийн гэрэл зураг авбал ямар байх талаар асуухад "хэцүү байдаг" гэсэн хариулт олон сонссон. Дараа нь охиныхоо зургийг дарж үзээд болмоор санагдсан учир олон улсын нярайн гэрэл зургийн студийн стандарт жишгийг судалж, анхны студиэ гэрийнхээ нэг өрөөнд байгуулж байлаа. Тухайн үед хүүхдүүд маань жаахан байсан учраас үйлчлүүлэгчидтэй байхад орж ирэх, хоол нэхэх гээд олон асуудал гарч байсан тул ээж маань "оффис түрээсэл" гэж гэрийн цагаан бүрээс авах байсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийснээр 30 мкв байр түрээсэлж үйл ажиллагаагаа өргөжүүлж байлаа. Явцдаа ч багтахаа байж хоёр өрөө байр түрээслэх гэхчлэн өнгөрсөн таван жил тасралтгүй нэг нэг шатаар урагшилж, хичээсний дүнд өнөөдөр өөрийн гэсэн гурван өрөө байранд гэрэл зургийн студиэ ажиллуулж байна” гэсэн юм.

Түүнчлэн Д.Хишигбаярын нярайн гэрэл зургийн студитэй болох санааг нь гэрийнх нь төдийлөн дэмжээгүй буюу түүний аав “Монголд нярайн зураг авхуулдаг хүн байхгүй. Миний охиноор хүүхдийнхээ зургийг даруулахаар ирэх хүн бараг байхгүй л болов уу” гэж байсан ч анх студиэ нээхэд нь 800 гаруй үйлчлүүлэгч ирж байсан аж.

Түүний ажилдаа хэтэрхий дуртай гэдэг нь ярианаас нь илт. Мөн хүүхдийн хувцас болон бусад зургийн хэрэглэгдэхүүнүүдээ өөрийн гараар урлаж, заримыг нь Украин, Турк, Хятад, Вьетнам, Оросоос захиалж авчруулдаг бөгөөд бүх жижиг хэрэглэл, хувцсаа хэрхэн яаж бүтээсэн, авсан түүхийг нэгд нэгэнгүй мэднэ.

Д.Хишигбаяр, “Хоёр хүүхэд гаргаад хэдэн жил гэртэй суусан ээжид мэдээж мөнгө байхгүй шүү дээ. Тэр үед цалинтай ээжийн 50 мянган төгрөг их мөнгө шиг санагддаг байлаа. Зарим хүмүүс ойлгохгүй л байх. Харин би гэрэл зургийн студиэ нээхдээ ээжийнхээ хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөө авч, нөхрийн өгсөн 20 мянга, цалинтай ээжийн 50 мянган төгрөгөөр анхны хувцас хэрэглэлээ авч байсан. Нөхөр маань цалингаа буусны дараа өрхийн хэрэглээгээ болгож, илүү гаргаж өгсөн 20 мянган төгрөгөөр нь Нарантуул ороод маарал, хүнсний будаг авч байгаад маарлаа будаж хатаагаад нярайнуудаа ороож зураг авч эхэлсэн. Ер нь одоог хүртэл студидээ цуглуулсан бүх зүйл маань дандаа л миний гараар бүтсэн эсвэл хийлгэсэн байдаг. Харин зарим хэрэглэгдэхүүнээ олон улсын нярайн гэрэл зургийн студиэс жишээ татаж, захиалж авдаг” гэсэн юм.

Тэрбээр өнгөрсөн жилүүдийн өөрийн туршлагаа сайн гэрэл зурагтай хослуулан үргэлж шилдэг нь байхын тулд судалгаа хийж, зохиомж гаргаж 20-той залуусаас дутахгүй сэтгэж, Монгол дахь нярайн гэрэл зургийн студийн стандартыг тогтоож мөн авч явахаар хичээдэг гэдгээ онцолсон юм. Мөн цаашид дэлхийн түвшинд хөгжүүлж, аль ч орны хүн хараад “үнэхээр сайхан газар, сайн зурагчин байна” гэж хэлүүлэх чадварлаг хүн болохыг зорьж буй аж.