Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн хэмжээнд өчигдрийн /2023.12.15/ байдлаар тохиолдсон объектын гал түймрийн 117, аврах ажиллагааны 28 нийт 145 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, нийт 149 иргэний амь нас, иргэд, аж ахуй нэгжийн 5.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Монгол Улсын Шадар сайдтай Дархан-Уул аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүн идэвх санаачлагатай оролцож, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгосон. Мөн аймгийн Онцгой байдлын газраас Хонгор, Шарынгол суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж, сумдын гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлсэн.
Улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад оруулж, ажиллах орчныг нөхцлийг сайжрууллаа.
Засгийн газар, ОБЕГ болон аймаг, орон нутгийн 760 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник хэрэгслийн шинэчлэлийг хийж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлсэн зэрэг амжилттайгаар 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан байна.