Амиа алдсан гал сөнөөгч оршин суугчдыг угааржилтын бүсээс гаргах явцдаа угаартаж, амь насаа алджээ

Амиа алдсан гал сөнөөгч оршин суугчдыг угааржилтын бүсээс гаргах явцдаа угаартаж, амь насаа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 10 давхар орон сууцны дөрөвдүгээр давхарт гал гарч бага насны дөрвөн хүүхэд, нийт 7 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаас тодруулахад "Дуудлагын дагуу аврагчид очиход таван иргэн нас барсан байсан. Аврагчид ослын газарт ажиллаж байх үед нэг алба хаагч, дахин нэг оршин суугч угаартаж, харамсалтайгаар амиа алдсан. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаа, прокурорынхон ажиллаж байна. 3-4 айл галд өртсөн байж болзошгүй. Чухам хэдэн айл өртсөнийг цагдаагийн байгууллагынхан тогтооно гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгсөн.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гал сөнөөгч нь үе дамжсан гал сөнөөгч байсан бөгөөд БНСУ-д мэргэжлийн сургууль төгсөж ирээд ажиллаж байсан 27 настай залуу байсан. Талийгаач нь тухайн байрны оршин суугчдыг угааржилтын бүсээс гаргах явцдаа угаартаж, амь насаа алдсан. Түүнд хуульд заасны дагуу 10 жилийн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. Мөн оршуулгын зардал зэргийг Онцгой байдлын газраас гаргах болно" гэлээ.