Нийслэл хотын түгжрэлийг бууруулах, ЕБС-ийн сурагчдыг аюулгүй тээвэрлэх зорилгын хүрээнд 2019 оноос UB School bus төслийн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд нийт 72 автобус үйлчилгээнд явахаас одоогоор нийт 58 автобус ажиллаж байгаа юм. Харин 14 нь жолоочгүйн улмаас явахгүй байгаа аж.
Учир нь сургуулийн автобусны жолооч нарын цалинг өгдөггүй. Өгсөн тохиолдолд 5,6 сар хүлээлгэж байж өдрийн 45 мянган төгрөгийн цалингаас шимтгэл суутгаж өгдөг аж. Мөн ажилласан цаг, сар, өдрийг дутуу боддог тул жолооч нар шантарч ажлаа хаяжээ.
Энэ талаар сургуулийн автобусны жолооч нар “10 сард ажилд орсон ч хоёр сар цалингаа өгөөгүй. Дараа жил л орох юм байлгүй. Бусад жолооч нар мөн цалингаа өгөхгүй байсан болохоор гарч байсан юм байна лээ. Одоо ингээд цалин өгөхгүй бол энд ажиллах сонирхол алга байна шүү дээ. Цалингаа өгнө гэж хэлсэн ч өгөөгүй. Өдрийн цалин уг нь 45 мянган төгрөг юм байна лээ. Үүнээс шимтгэлээ авдаг гэсэн. Харин ажлын хувьд өдөрт гурван хэрээс явдаг. Граш байхгүй учраас үүрээр очиж хөлдүү автобусаа газаар халааж байгаад гэсгээж өглөөний 6 цагт амжиж гардаг. Ингэж зүтгэж байхад жолооч нарынхаа цалинг өгч болохоор шүү дээ” хэмээн ярьжээ.