Америкийн хөгжмийн салбарын өнгөрсөн оны шилдэг 10 уран бүтээлд монгол дуучны жааз дууны цомог багтжээ

Америкийн хөгжмийн салбарын өнгөрсөн оны шилдэг 10 уран бүтээлд монгол дуучны жааз дууны цомог багтжээ

“New York Times” сонин “2023 оны шилдэг 10 жааз цомог”-ийг зарласанд Монголын дуучин Энжи буюу Э.Энхжаргалын цомог орсон байна.

Шилдгээр шалгарсан түүний “Улаан” цомог нь энэ оны долдугаар сард гарсан. Э.Энхжаргалыг монгол уртын дууны өвөрмөц эгшгийг жааз хөгжмийн хөг аялгуутай чадамгай хослуулдаг хэмээн “New York Times” сонины хөгжмийн тоймч Жованни Руссонелло онцолжээ.

Мөн “The Washington Post” сонин мөн “2023 оны шилдэг 10 цомог” шалгаруулсныхаа нэгдүгээрт “Улаан” цомгийг нэрлэсэн байна. Тус сонины хөгжмийн шүүмжлэгч Крис Ричардс цомгийн тухай бичихдээ “Ер бусын түүх, ер бусын хөгжим” хэмээгээд, монгол гэрт төрж өссөн Э.Энхжаргал Германы жааз хөгжмийн хөтөлбөрт хамрагдаж Мюнхэнд уригдахаасаа өмнө хөгжмийн багш байсныг нь дурджээ.

Э.Энхжаргалын жааз дуучны замнал Улаанбаатар дахь Германы “Гётэ” институтын, хөгжмийн авьяастнуудыг нээн илрүүлэх хөтөлбөрөөс эхэлсэн бөгөөд одоо Германы Мюнхэн хотод суралцаж буй юм.