Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан “Шинэ Хархорум” хотын Үндэсний хорооны тавдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас хэрэгжүүлсэн 2023 оны ажлын тайлан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төв цэгийн тохижилтын зураг төслийн төлөвлөлт, “Шинэ Хархорум” хотыг Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох ажил, Инженер геологийн судалгааны эхний ээлжийн ажлын явцыг хэлэлцжээ.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэлэлцсэн асуудлуудын хүрээнд шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай байр зүйн зураг зохиох ажил болон инженер геологийн судалгааны эхний ээлжийн ажлын явцыг эрчимжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх ажлуудын нарийвчилсан төлөвлөгөөг 2024 оны нэгдүгээр сарын 15-нд багтаан Үндэсний хорооны хуралд танилцуулж, батлуулах үүрэг өгсөн байна.