ВИДЕО: Инженерүүд хамтран утааг 40 хувь бууруулах боломжтой монгол гэрийг галгүйгээр халаах технологийг бүтээжээ

ВИДЕО: Инженерүүд хамтран утааг 40 хувь бууруулах боломжтой монгол гэрийг галгүйгээр халаах технологийг бүтээжээ

“Утаа” нийслэлчүүдийн хамгийн том асуудал, эрх баригчдын толгойны өвчин болоод олон жил болж буй. Жил бүр өндөр дүнтэй шийдэл ярьж, баталдаг ч дорвитой үр дүнд хүрэлгүй бид өнөөдөр ч утаан дунд амьдарсаар байна. Улмаар зарим хүмүүс "Улаанбаатар хотыг уурын зуух" ч гэж нэрийдэх болсон.

Тэгвэл зөвхөн төр засгаа харж суулгүйгээр иргэд ч дор бүрнээ утаанаас ангижрах шийдлийг эрэлхийлж "Хайбрид хаус" компанийн залуус монголын инженер залуустай хамтран хамгийн бага зардлаар монгол гэр дулаалах үр дүнтэй багцыг бүтээжээ. Ингэхдээ нэг монгол гэрийг бүрэн дулаалахад 200 мянган төгрөг зарцуулж, гурван жил галлахгүйгээр дулаан байх боломжтой аж.

ВИДЕО: 

Тус багц нь монгол гэрт гаднаас хүйтэн агаар орох урсгалуудыг хаасан хаалганы дулаалга, хаяаны дулаалга, дээврийн  дулаалга, тоононы дулаалгуудыг багтаажээ. Улмаар нэг айл 200 мянган төгрөгөөр уг багцыг худалдан авах боломжтой. Мөн агаарын солилцоог явуулах агааржуулалтын системийг гэртэй байрлуулж, цахилгаан халаагуур ашигласнаар Монгол гэр дулаанаа алдалгүй өдөр, шөнийн турш +23 хэмд байх аж.

Өвлийн цагт айл өрхүүд өдөрт нэг шуудай сайжруулсан түлш хэрэглэдэг. Гэсэн ч өглөө болон шөнөдөө гал түлээгүй нөхцөлд гэр хэт хүйтэн, өдөртөө 40,50 хэм халж дулаанаа хурдан гадагшлуулдаг. Харин дээрх шийдлээр хямд өртөгөөр хамгийн үр дүнтэй дулаалгыг хийснээр зардлаа хоёр сарын дотор нөхөж давхар утааг багсгах шийдлийг монгол инженерүүд нэвтрүүлээд байна.

Энэ талаар "Хайбрид хаус" компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ “Бид ерөнхийдөө Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 92 мянган өрхөд зориулж эл бүтээгдэхүүнийг хийсэн. 92 мянга гэдэг бол нийслэлийн нийт өрхийн 42 хувь нь гэсэн үг. Тэгэхээр эдгээр айлууд энэхүү технологийг хэрэглэж гал түлэхээ больсноор утаа эрс багсана гэж тооцоолж байгаа.

Яагаад гэр гэж байна вэ гэхээр байшингуудын хувьд өөр өөр хэмжээтэй, өөр өөр дулаалгатай учир нэг стандартаар дулаалга хийх боломжгүй болж байгаа юм. Гэхдээ тэдгээрийг урт хугацаандаа дулаалаад явах нь зөв. Харин богино хугацаанд Улаанбаатар хотын утааг багасгахын тулд Монгол гэр дулаалах шийдлийг олж, багц дулаалга гараад байна. Хамгийн гол нь гэрт амьдарч байгаа хүмүүст яаж зөв дулаалах уу, хамгийн бага зардлаар эдгээрийг авах боломжтой гэдгийг харуулах нь чухал учир видео маягаар танилцуулахахаас илүүтэй бид Нарантуул захад яг ямар материал ажиглан яаж дулаалж байгааг иргэдэд танилцуулж, бүх материалаа бэлэн худалдаалж байна.

Энэ хүрээнд бид Нарантуул захад таван гэр барьсан байна. Үүний дөрөв нь ижил дулаалгатай. Гэхдээ нэмэлтээр өөр өөр дагалдах дулаалгуудыг хийсэн байгаа. Нэг гэр нь халаалт болон дулаалга хосолсон багц гэр байгаа. Бид энэхүү технологийг Ганбаа ах болон Хашаандаа сайхан амьдрая төслийн Түмэнбаяр, Мөнгөнхишиг, Түвшинхүү ах, Амарбаяр доктор зэрэг хүмүүстэй хамтран хийсэн. Мөн хамгийн шилдэг гэх инженеүүд Монгол гэрийг дулаалах ажлыг хийж тэндээс хамгийн боломжит хувилбаруудыг сонгож нэгтгэсэн. Ингэхдээ хамгийн бага зардалтай үр дүнтэй шийдлүүдийг сонгож нэгдсэн нэг багц бий болгосон ” гэсэн юм.

ФОТО: