ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

                                    ГОМБОЖАВЫН БАНДИ     

/1944-2023/

Бидний хайрт аав, өвөө, халамжит хань, түшигтэй ах, төр, намын зүтгэлтэн, ахмад ажилтан, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч  Гомбожавын Банди наснаас нөгчиж бидэнд нөхөж баршгүй уй гашуу авчирлаа.

Гомбожавын Банди 1944 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “ХӨТӨӨ”  хэмээх газарт төрж бага дунд сургууль дамжин Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономч мэргэжлээр төгссөн ч ажил хөдөлмөрийн гараагаа аймгийн ХЗЭ-ийн хорооноос эвлэлийн ажилтнаар эхэлж хэлтсийн дарга, хоёрдугаар нарийн бичгийн даргын ажил эрхлэн аймгийн залуу үеийнхнийг эх орон ард түмнийхээ төлөө ажиллаж, хөдөлмөрөх чин эрмэлзэлтэй болгон хүмүүжүүлэхийн төлөө зүтгэж явсан юм. Энэ хугацаанд Дорноговь аймгийн ХЗЭ-ийн хороо ажлаараа улсад хоёрдугаар байрт орж байсан нь Г.Бандийн хөдөлмөр хичээл зүтгэлтэй холбоотой.

Ийм ч учраас Г.Банди намын даалгавраар Сүхбатарын нэрэмжит Намын дээд сургуульд суралцан төгсч аймгийн МАХН-ын хороонд ажиллаж байгаад Даланжаргалан сумын намын үүрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн юм. Хожмоо аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын намын үүрийн нарийн бичгийн дарга, Хөвсгөл сумын Засаг дарга, Эрдэнэ суманд ЗДТГ-ын дарга, “Мандах” ХХК-ны захирлаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан юм.

Энэ цагаас эхлэн өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу Эрдэнэ сумандаа газар тариалангийн аж ахуй эрхлэн төрөл бүрийн хүнсний ногоо тариалан сум, аймгийн хүн ардын хэрэгцээнд нийлүүлэн жил бүрийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн яармагт оролцож “Ахмадын брэнд бүтээгдхүүн” шагнал хүртэж байлаа. Үүний зэрэгцээ 2011 оноос говь нутгийн цөлжилтийн зогсоох зорилгоор гэр бүл үр хүүхдүүдийнхээ хамт чацаргана, үхрийн нүд, хайлаас тариалж эхэлсэн нь өдгөө 1200 гаруй  бут болон бяцхан төгөл болж говь нутгийг цөлжилтөөс хамгаалахад хувь нэмрээ оруулж байсан.

Г.Банди мөн бага наснаас эцгийгээ даган хурдан морь уяж, сонирхолоороо  “Говийн хурдан хүлгүүд”, хурдан морины шинжийн судрыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн “Морины шинжийн судар буюу морины хувилгаан”, “Хүлгийг шинжихүй” номууд хэвлүүлсэн манай  хурдан морь сонирхогчдын  нэг байлаа. Мөн үндэсний бөхөөр барилдаж “Аймгийн начин” цол хүртсэн.

Г.Банди нь нэг насаараа төр засгийнхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хөдөлмөрчид, залуу үеийг уриалан дагуулж, шинэ залуу боловсон хүчин, хүүхэд залуу үеийг ахмад үеийнхний хөдөлмөрч дайчин уламжлалаар хүмүүжүүлж тухайн үеийн нам төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн улс орноо хөгжүүлэн цэцэглүүлэхийн  төлөө  өөрийн ухамсарт амьдрал, хөдөлмөр бүтээлээ зориулж, тэдэнд үлгэр дууриал болж  явсан манай тэргүүний сэхээтэн байлаа.

Г.Бандийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монголын төр Ардын хувьсгалын ойн медалиуд, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, МАН-ын 70, 80, 90,100 жилийн ойн медаль, МАН-ын “Ахмад зүтгэлтэн”, “Хүндэт тэмдэг”, “ Тусгаар тогтнол”, ХЗЭ-ийн Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, “Алтан гадас” одонгоор шагнаж байлаа.

Төр нийгмийн ахмад ажилтан Г.Бандийн говь нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн хөдөлмөрч бүтээл зан чанар, залуу үеийнхэнд үлгэр дууриал болсон нөмөр нөөлөг бүхэн бидэнд үгүйлэгдэх ч түүний захиа сургамж, хийж бүтээсэн, тарьж ургуулсан бүхэн, гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭД, ХАМТРАН ЗҮТГЭГЧИД НЬ