Соёлын сайд Ч.Номин Төрийн өмчийн музейн удирдлагуудад музейн тусгай зөвшөөрөл гардууллаа

Соёлын сайд Ч.Номин Төрийн өмчийн музейн удирдлагуудад музейн тусгай зөвшөөрөл гардууллаа

2021 онд шинээр батлагдсан Музейн тухай хуульд музейн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсний дагуу өнгөрсөн хугацаанд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хууль хоорондын уялдааг хангасны үр дүнд өнөөдөр ийнхүү төрийн өмчийн 10 музейн захиралд тусгай зөвшөөрлийг олголоо.

Соёлын сайд Ч.Номин тусгай зөвшөөрөл гардуулах арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож байгааг онцлон тэмдэглэж, “... музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь төрөөс музейн үйл ажиллагаа явуулах баталгааг хангаж, дэлхий дахины хөгжлийн зүй тогтлын дагуу хөгжих олон боломжийг бүрдүүлэх чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Өнөөдрийн байдлаар манай улсад төрийн өмчийн 11 музей, орон нутгийн өмчийн 24 музей, хувийн 3 музей хуулийн этгээдийн бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2024 онд орон нутгийн болон хувийн музейд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах юм.