Б. Энхзул: Өөрсдийн гараар бүгдийг бүтээж, хотоос зайдуу эрүүл, тайван амьдарч болно гэдгийг залуу гэр бүлүүдэд үлгэрлэхээр “YouTube” суваг ажиллуулдаг /ВИДЕО/

Б. Энхзул: Өөрсдийн гараар бүгдийг бүтээж, хотоос зайдуу эрүүл, тайван амьдарч болно гэдгийг залуу гэр бүлүүдэд үлгэрлэхээр “YouTube” суваг ажиллуулдаг /ВИДЕО/

“Монголд амьдрах нь бидний мөрөөдөл байсан юм” хэмээн ярих гэр бүл бол “Simple Wild Living” youtube сувгийг хөтлөн явуулдаг Ашлей Гладвин болон Б.Энхзул нар юм. Тэд хүү Фламе Гладвины хамт Монголд ирж амьдраад гурван жил болжээ. Ингэхдээ хотоос зайдуу түгжрэл, утаанаас гадуур хэрхэн өөрсдийн гараар бүхнийг босгож эрүүл аюулгүй амьдрахыг залуу гэр бүлүүдэд үлгэрлэж ахуй, бүтээн байгуулалтыг харуулсан видео хийдэг болсон байна. Иймд бид тэднийг iSee.mn мэдээллийн сайтын шинэ жилийн тусгай дугаартаа онцоллоо.

ВИДЕО: 

Тэдний хувьд Шведэд 10 гаруй жил ажиллаж амьдарсан бөгөөд хүүгээ төрсний дараа мөрөөдлөө дагаж тайван амьдрахаар Монголд иржээ. Энхзулын хувьд Монгол Улс түүний төрж өссөн газар бөгөөд бүхэл төрөл садан нь байдаг тул гоё санагдсан бол нөхөр Ашлейд монгол хүмүүсийн гэр бүлээ гэх халуун дотно зан чанар маш их таалагдаж амьдрахад хамгийн тохиромжтой сайхан газраар ийнхүү Монголыг сонгосон нь энэ аж.

Монголд ирж бүхнийг шинээр эхэлсэн гэх бүл хотоос зайдуу байшин авч, хашаа болон байшингаа өөрсдийн гараар янзалж эхэлсэн байна. Ингэхдээ эл үйл явдал, хэрхэн хүлэмж, нарны систем, тирас, барих зэргийг харуулсан бичлэг хийж өөрсдийн “Simple Wild Living” youtube сувгийг хөтлөн явуулдаг болсон байна. Түүнчлэн залуус тэдний бичлэгийг үзэж үлгэрлэхээс гадна, тэдний ойрын хөршүүд эл гэр бүлээс жишээ татаж хашаандаа хүлэмж, нарны систем зэргийг барьж эхэлжээ.

Энэ талаар Г.Ашлей ярихдаа, “Манай хөршүүд биднээс жишээ авч хашаагаа янзалж эхэлсэн. Мөн гудамжинд гараад хог түүхээр бүгд гарч ирээд адилхан хог оо түүдэг. Энэ мэт үйлдлүүд нь биднийг хөршүүдтэй маань дотно болгож байна. Бид ямар нэг зүйл хийхдээ цаг агаараас эхлээд бүх зүйлийг тооцоолж, судалгаан дээр тулгуурлан бүтээн байгуулалтын санаагаа олдог. Улмаар эдгээрийг бид өөрсдөө бүгдийн барьсан. Чадахгүй зүйлсээ бичлэг үзэж байгаад дуурайж хийгээд сурсан” гэсэн юм.

Энэ айлд Монголд байхгүй хүлэмж бий. Энхзулын нөхөр тогооч мэргэжилтэй тулд Монголд ирээд ахуйн хэрэглээний ногоо болон амтлагч ургамлуудыг тарихаар болж, тэд дээрх хүлэмжийг барьсан байна. Энэхүү хүлэмж нь байшин дор байрлуулсан хоолойгоор дамжуулан зундаа хуримтлуулсан сэрүүн агаараа дээш үлээдэг бол өвөлдөө дулаан агаараа хүлэмж рүү үлээснээр өдөр бүр нэмэх градустай байдаг аж.

Хүлэмждээ тарьсан зүйлсээ танилцуулж буй Б.Энхзул “Энд Монголд ургадаггүй, эсвэл олдоц муутай хоолны орц амтлагч хэд хэд бий. Нөхөр маань эдгээр амтлагч тарьсан. Бид цаашид үүгээр соус хийх бодолтой байгаа. Харин миний хувьд би жимсний модонд илүү дуртай учир мөн Монголд ургах боломжгүй болон удаан жимсэлдэг сонирхолтой моднуудыг тарьж байгаа” гэсэн юм. Тус хүлэмжид төрөл бүрийн халуун чинжүүний модноос эхлээд бүхэл төрлийн хоолны орц, нарийн ногоо ургажээ. Мөн тэд өндөг хэрэглэх зорилгоор, галуу, тахиагаа ч өөрсдөө тэжээдэг байна. Хамгийн сонирхолтой нь эрчим хүчний хомстолтой энэ үед тус айл өөрсдийн цахилгааны хэрэглээг бүрэн хангах нарны системийг хашаандаа барьж, хүлэмж болон гэрийн халаалт бусад зүйлсээ үргэлж цахилгаанаар хангах боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн хүүхдийн бага насанд гэр бүлийн хүмүүжил маш чухал гэж үздэг тул хосууд хүү Фламе Гладвин буюу Цэлмэгт гэрээр элдэв зүйлсийг заадаг аж. Тэдний хувьд Монголд ирэх болсон томоохон шалтгаануудыг нэг нь тэднийг завгүй ажилтай үед хүүг нь өөр хэн нэгэн харж, хүмүүжүүлэх явдал байжээ. Иймд гэр бүлээрэй эрүүл, амар тайван амьдарч хүүдээ зөв хүмүүжил олгож, хамтдаа илүү олон цагыг өнгөрүүлэхээр ийнхүү Монголд төвхнөөд байгаа нь энэ юм.

ФОТО: