Боинг 737 онгоцны осол терроризмтой холбоогүй, хар хайрцгийг АНУ-д өгөхгүй гэж мэдэгдэв

Боинг 737 онгоцны осол терроризмтой холбоогүй, хар хайрцгийг АНУ-д өгөхгүй гэж мэдэгдэв

Өчигдөр 176 зорчигчтой Украины “Boeing 737-800” загварын нисэх онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдсон бөгөөд хөлгийн тавцанд байсан бүх хүн амиа алдсан юм. Олон улсын агаарын тээврийн дүрмийн дагуу Иран улс мөрдөн шалгах ажиллагааг ахлан явуулах эрхтэй ч, осолдсон нисэх онгоцны хар хайрцгуудыг “Boeing” компани болон АНУ-д өгөхгүй" гэж Ираны Иргэний агаарын тээврийн газар мэдэгджээ.

Учир нь “Boeing” компанийн нисэх онгоц осолдсон тохиолдолд олон улсын мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын газар голлох үүргийг гүйцэтгэдэг байна.

Ирак дахь Америкийн цэргийн алба хаагчдын байрлаж буй цэргийн байгууламжуудыг онилон Иран пуужингийн цохилт өгч, Америк, Ираны хурцадмал байдал өсөн нэмэгдсэнээс хэдхэн цагийн дараа дээрх осол гарсан боловч уг хоёр үйл явдал холбоотой гэх нотолгоо байхгүй байна.

“Boeing 737-800” нисэх онгоц техникийн доголдлын улмаас осолдсон гэж Ираны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбогдох албаны төлөөлөгчийн мэдээллийг иш татан уламжилсан байна. Мөн уг осол терроризмтой холбоогүй гэж А.Абедзаде мэдэгджээ. 

-ОСОЛДСОН ОНГОЦОНД ИРАНЫ 82, КАНАДЫН 63 ИРГЭН ЗОРЧИЖ БАЙЖЭЭ-

Украины Дэд бүтцийн яам Ираны нийслэл Техран хотод болсон “Украины олон улсын агаарын тээврийн компани”-ийн онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын жагсаалтыг нийтэлжээ. Жагсаалтыг тус яамны “Facebook” хуудсанд байрлуулсан бөгөөд осолдсон онгоцоор зорчиж явсан бүх хүнийг оруулсан байна.

Үүнээс өмнө Украины Дэд бүтцийн яам уг нисэх онгоцны багийн гишүүдийн жагсаалтыг нийтэлсэн байна. Гурван нисэгч, зургаан үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй багийн гишүүдийн дөрөв нь эмэгтэй тав нь эрэгтэй байжээ. Амиа алдсан хүмүүсийн дотор Ираны 82, Канадын 63, Украины 11 /2 зорчигч, 9 нь багийн гишүүд/, Шведийн 10, Афганистаны дөрвөн иргэн, Герман болон Их Британийн гурван иргэн байсныг Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко урьд нь мэдээлсэн байна.