Д.Ирина: Монголд ирээд дулаан явах гэж машин худалдаж авсан ч дугаарын хязгаарлалт тогтоосон нь надад маш тухгүй санагдсан /ВИДЕО/

Д.Ирина: Монголд ирээд дулаан явах гэж машин худалдаж авсан ч дугаарын хязгаарлалт тогтоосон нь надад маш тухгүй санагдсан /ВИДЕО/

Бид энэ удаагийн Social ID буландаа олон нийтийн сүлжээнд “хөөрхөн орос охин” хэмээн олонд танигдаад буй Дедова Ирина Валерьевнаг онцоллоо. Түүний хувьд Монголд таван жилийн өмнө ажиллаж, амьдрахаар ирсэн бөгөөд жүжигчин, бүжигчин мэргэжилтэй тул кинонд тоглож, ахлах сургуульд бүжгийн багшаар ажилладаг байна.

Тэрбээр “Би цуйванд дуртай. Мөн Монгол ёс заншлыг маш их хүндэтгэдэг. Тиймээс ч амьдарч байгаа улсдаа үндэсний хэлээр нь ярихын тулд монгол хэл сурч байгаа. Улаанбаатарт амьдрахад утаа, дугаарын хязгаарлалт гэхчлэн хэцүү зүйл жаахан байдаг ч гэсэн монгол хүмүүсийн зан чанар, үндэсний уламжлалт баярууд, байгаль гэхчлэн маш олон зүйл нь таалагддаг болохоор би монголд амьдрах дуртай. Бас миний бүх найзууд монгол хүмүүс” хэмээсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Та сайн байна уу. Юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Дедова ирина гэдэг. би 27 настай.

-Хаана төрж, өссөн бэ?

-Би ОХУ-ын стрежевой хотод төрсөн.

-Хэзээ монголд ирэв. Яагаад ирэхээр болсон бэ?

-Таван жилийн өмнө ажлаар Монголд ирсэн. Тэр үед миний орос найз надад монголд ажиллах санал тавьсан. Тэгээд энд ажиллаж, амьдрахаар болсон.

-Одоо ямар ажил эрхэлдэг вэ?

-Би РЭУ ИМ. Г.В. Плеханова сургуульд бүжгийн багшаар ажилладаг. Бас хааяа кинонд дүр бүтээсэн. Яагаад гэвэл би бүжигчин, жүжигчин мэргэжилтэй. Тиймээс энэ чиглэлээрээ ажилладаг.

-Таны бичлэгүүд олон хүнд хүрч олон нийтийн сүлжээнд нэлээд тархаад байгаа шүү дээ. Тус бичлэгүүдэд та монгол хэлээр ярьж байсан. Монгол хэлийг яаж сурав?

-Би ойр зуурын юм ярихаас биш монгол хэлийг бараг мэдэхгүй. Гэхдээ дэлгүүр, банк, эмийн сан зэрэгт бол хангалттай сайн ярьж ойлголцож чаддаг. Бас миний бүх найзууд монгол хүмүүс байдаг. Тиймээс би монгол хэл жаахан сурсан. Бас би Монголд амьдарч байгаа болохоор энэ улсын ёс заншлыг дээдэлж, эх хэлийг нь хүндэтгэх ёстой гэж боддог. Ядаж суурь түвшинд монгол хэлээр ярьж сурахаар хичээж байгаа.

-Та нэг бичлэгтээ машины дугаарын хязгаарлалтын талаар ярьж байсан. Энэ журмыг та хэрхэн хүлээж авав. Танд ямар санагдаж байна?

Машинаар явахад илүү тухтай болов уу гэж бодоод сарын өмнө би автомашин худалдаж авсан. Гэтэл машины тэгш сондгой дугаарын хязгаарлалт тогтоосон. Тэгээд би нэг долоо хоногт нь хоёр удаа, нөгөө долоо хоногт нь гурван удаа л явдаг болсон. Энэ нь нэг талаас хөдөлгөөний бөглөрөл багасгаж байгаа нь зөв  хэдий ч нөгөө талаас надад тухгүй санагдаж байгаа. Гэхдээ энэ нь зөв шийдвэр байх л даа.    

-Монголд амьдрахад тулгарч буй асуудал нь юу байна. Бас таалагддаг зүйлсээ дурдвал?

-Монголд амьдрахад хамгийн том асуудал нь түгжрэл байдаг. Гэхдээ монголын байгаль гоё. Хүмүүс нь бас гоё. Мөн Монгол үндэсний хувцас надад их таалагддаг, бас монголчууд өөрсдийн ёс заншил, уламжлалт баяр наадмыг хүндэтгэн тэмдэглэж байгаа  нь ардын урлаг соёлыг хүндэлдэг ёс суртахуун нь надад үнэхээр их таалагддаг.

-Монгол хоол ямар санагдсан бэ?

Монголд ирээд анх үхрийн мах идэхэд миний ходоод гэдэс хүлээж авч чадахгүй байсан. Бас би сүүтэй цай ууж чаддаггүй байсан. Харин саяхнаас үхрийн махыг зүгээр шингээж чаддаг болсон. Бас ааруул гэхчлэн цагаан идээ их иддэг болоод байгаа. Хооллолтоо өөрчилснөөр миний эрүүл мэнд ч сайжирсан. Хоолны тал дээр ч мөн Монголд амьдарч байгаа учир ёсыг нь дагаж, зөв хооллох ёстой гэж боддог. Би цуйванд хамгийн их дуртай.

-Анхны бичлэг нь ямар бичлэг байсан бэ. Яагаад хийхээр болов?

-Би саяхан шинэ жилийн тухай киноны зураг авалтад оролцсон юм. Тэр нь “Он солигдох мөч” гэдэг нэртэй шинэ жилийн романтик, хошин төрлийн кино байсан. Зураг авалт дууссаны дараа тус киноны зар сурталчилгаа буюу постер гарсан. Тэрийг хүмүүс эерэгээр хүлээн авч байхыг хараад гайхалтай санагдсан болохоор сэтгэл хөдөлж, анх наргиан маягаар богино бичлэг хийсэн. Түүний дараа  олон монгол дагагчтай болсон байсан, ойролцоогоор гучин мянган дагагчтай болсон. Тиймээс наргиа маягаар рийл хийж бичлэгээ сошиалд тавих санаа төрсөн.

-Монголчууд таны бичлэгийг маш эергээр хүлээн авсан байна лээ.

-Тиймээ. Бичлэг хийсний дараа маш олон сэтгэгдэл ирсэн нь намайг алмайруулсан явдал байсан. Монгол хэлээр тааруухан ярьдаг ч хүмүүс намайг сайнаар хүлээн авч, анхаарлаа хандуулсанд баярласан. Би үүнд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Тиймээс намайг үздэг хардаг, дэмждэг хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бичлэгийн маань дор хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлийн 99 хувь нь эерэг байсанд үнэхээр их баярлаж байна. Өссөн газраасаа хол өөр улсад амьдарч байгаа гаднын иргэн болохоор надад хүмүүсийн харилцаа, дэмжлэг дутагддаг тал байсан. Харин одоо сайхан санагдаж байгаа. Намайг урьсанд баярлалаа гэж дахин хэлмээр байна. Намайг урьж оролцуулсанд бага зэрэг гайхсан байдалтай хэвээрээ л байна. Бас би ямар ч том зүйл хийж бүтээгээгүй, зөвхөн өөрийн бодож байгаа зүйлсээ хүмүүстэй хуваалдаг хүн шүү дээ. Гэтэл хүмүүсийн илгээж буй сэтгэгдэл, хариу үйлдэл эерэг байгаа нь надад маш их таалагдсан. Хүмүүсийн юу гэж бичиж байгаа нь, яаж хүлээж авч байгаа нь надад үнэхээр сонирхолтой байдаг. Тиймээс би бүх хүний үлдээсэн сэтгэгдлийг уншиж, бүгдэд нь хариулахыг хичээдэг шүү. Та бүхэнд дахин талархлаа илэрхийлмээр байна. Маш их баярлалаа.