М.Энхболдын “хүмүүс” МАХН-аас сонгуульд нэр дэвших үү

М.Энхболдын “хүмүүс” МАХН-аас сонгуульд нэр дэвших үү

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэлд мэдээлэл өгөхдөө “2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг сонгохдоо ёс зүйн асуудлыг нь харгалзан үзнэ. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ зээл авсан болон Засгийн газрыг огцруулахад гар бие оролцсон гишүүдийн асуудлыг намын удирдлагын түвшинд болон иргэдээр хэлэлцүүлнэ. Нэр дэвшигчдийг тодруулах судалгааг улс орон даяар явуулж буй бөгөөд иргэдийн дэмжээгүй хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдсэн юм.

Түүний ярианаас дүгнэвэл, Засгийн газрыг огцруулахад идэвхтэй оролцсон гишүүд болон 60 тэрбум, ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн ёс зүйн асуудлыг хөндөж ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх өндөр магадлалтай байна.

Гэхдээ логикийн дагуу хөөвөл өнгөрсөн дөрвөн жилд эрх баригч МАН Засгийн газраа нэг удаа огцруулж, дахин нэг удаа огцруулахаар оролдсон. Засгийн газрыг огцруулахад идэвхтэй ажилласан гишүүдтэй хариуцлага ярина гэвэл У.Хүрэлсүхийн “хүмүүс” ч  хамтарч Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан түүх бий. Дараа нь буюу 2018 онд М.Энхболдынхон хүч хавсарч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэсэн ч бүтэлгүйтсэн билээ.

Тэгэхээр Засгийн газрыг огцруулж, төрийг тогтворгүй байлгасан гэх хэрэгт буруутгах гэж буй бол ганц М.Энхболд гэлтгүй, өөрсдийн хүмүүстэй ч хариуцлага ярих ёстой.

Мөн ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн дийлэнх нь У.Хүрэлсүхийн талынхан. Тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараахан ЖДҮХС-аас зээл авсан байдаг. Тэгэхээр энд ч шударга байх зарчим энд үйлчлэх ёстой. Хэдий Д.Амарбаясгалан ингэж хэлж буй ч цаанаа “60 тэрбум”-ын хэрэгтэй холбоотой М.Энхболд болон түүний хүрээллийн хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэх тохироог аль хэдийн нам дотроо хийсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тодруулбал, 2020 оны сонгуульд М.Энхболд, Д.Хаянхярваа нарын хэд, хэдэн хүнийг нэр дэвшүүлэхгүй байхаар тохирсон гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Тиймээс М.Энхболдын талынхан МАХН-д элсэж, тус намаас УИХ-д нэр дэвшихээр судалж байгаа гэх “бор шувуу” байна. Нэгэнт намаас нь нэр дэвшүүлэхгүй учраас Н.Энхбаярт хадаг барьж тэндээс нэр дэвшин ялалт байгуулбал өөрт нь болоод МАХН-д ашигтай гэж тэд тохирсон гэж байгаа юм. Дашрамд дуулгахад, УИХ-ын сонгуулийн санал асуулга зургадугаар сарын 24-ны өдөр болох юм. Энэ удаагийн сонгууль 26 том тойрогт явагдана.

Дээрх асуудлын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү дараах мэдээллийг жиргэжээ.