Тэтгэвэр барьцаалсан зээл тэглэх хуулийг ӨНӨӨДӨР БАТАЛНА

Тэтгэвэр барьцаалсан зээл тэглэх хуулийг ӨНӨӨДӨР БАТАЛНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэхээр товлосон байна.

Чуулганаар Эрүүгийн багц хуулийн төсөл болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, ялыг чатгатгах зорилгоор УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Түүнчлэн Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай тогтоолын төсөл болон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм.

Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаж "Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх" хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ гэж УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс хэллээ. Байнгын хороодоор эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуулийг эцэслэн батлах аж.