Э.Тодбаяр: Зориг нь сайхан ч улс төрчдийг шүүмжлээд хэд, хэдэн удаа сошиал хаягаа устгуулсан

Э.Тодбаяр: Зориг нь сайхан ч улс төрчдийг шүүмжлээд хэд, хэдэн удаа сошиал хаягаа устгуулсан

Бид энэ удаагийн Social ID буландаа "Дииид" продакшны залуу жүжигчин Эрдэнэбилэгийн Тодбаярыг урьж ярилцлаа. Диид продакшн нь нийгмийн эмзэглэл болон улстөрчдийг шүүмжилсэн контент бүтээж цахим сүлжээнд түгээдэгээрээ онцлогтой. Гэвч тэд улстөрчдийг шүүмжилсэн контент хийснийхээ хариуд хэд, хэдэн удаа сошиал хаягаа хүртэл устгуулжээ.

Тэрбээр "Бид нар улс төрчдийн хажууд жижигдэнэ. Хэдэн бацаанууд нийлснээ улс төр шүүмжлээд. Уг нь зориг нь сайхан юм даа. Тэгээд устгуулаад байх юм. Сошиал хаягаа хамгаалах гэсэн ч чаддаггүй юм билээ. Ямар ч аргаар хамаагүй устгаж байна лээ" гэсэн юм.

ҮЗЭХ: 

-ЭХНЭРЭЭ ЗОДДОГ ХҮН БИДНИЙ БИЧЛЭГИЙГ ХАРААД ӨӨРИЙГӨӨ ТОЛЬДОНО-

-Сайн  байна уу. Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байцгаана уу. Намайг Эрдэнэбилэгийн Тодбаяр гэдэг. Би Сити их сургуулийн Кино драмын жүжигчний ангийг 2021 онд Гавьяат Төмөрхуяг, Эрдэнэцэцэг багшийн удирдлага дор төгссөн. Одоо Диииид продакшнд харьяалагдан ажиллаж байна. 

-Та бүхэн хамгийн анх хэзээнээс бичлэг хийж эхэлсэн бэ. Одоо үед янз бүрийн сэдвээр өөр, өөрийн хийцээр  бичлэг хийж олон нийтийн сүлжээнд түгээдэг залуус их байна. Та бүхэн тэднээс нийгмийн тулгамдсан асуудал, харилцааны эмзэглэлийг барьж авч хөнддөгөөрөө ялгардаг. Анх бичлэг хийж эхлэхдээ хөндөх асуудлынхаа сэдэв, хүрээ хязгаарыгяаж тогтоож байв. Эсвэл бичлэг хийх явц дундаа нийгмийн сэдвийг хөнддөг болсон уу?

-Дөрвөн жилийн өмнө "Арван дөрвөн наснаас дээш насны хүүхдийг хүчиндвэл тохиролцсонд тооцож 450 мянган төгрөгөөр торгоно" гэсэн хууль батлагдсан. Тэр үеэс бид бичлэг хийж эхэлсэн. Мөн сургалтын төлбөрөө төлөх гэж чамгүй зовдог тухай оюутны хөгжилтэй амьдралыг харуулсан 10 ангитай бичлэг хийсэн. Даана ч тэр бичлэгийг хүмүүс үзээгүй, одоо ч Youtube хаягт байдаг.  Тэгээд Хонгорзул, Ямаранз найзуудтайгаа "Сошиал хөгжсөн энэ үед  тэртээ 2000 оны хошин шог шиг биш яг сайхан жүжигчний уран чадвараа харуулсан богино бичлэг хийе" гэж яриад хийж эхэлсэн. Хэдий богино бичлэг ч гэлээ уран сайхны кино үзсэн юм шиг сэтгэгдэл үлдээхээр бичлэг хийе гэж анх бичлэгээ хийж эхэлж байсан.

Санаа олон. Гэхдээ эерэг юм их цөөхөн байна. Эдийн засгийн хямрал, хүчин, хулгай зэрэг олон асуудлаас болоод бид энэ чиглэлийн сэдвээр дуугарахаар шийдсэн. Тэр 76 нь ядаж хальт ч болов үзээсэй гэж бодсон.  Энэ нь ч хүрэхдээ хүрсэн юм шиг байна лээ бид нарын сошиал хуудсыг устгаад хаячихсан.Буцааж сэргээсэн ч одоо л нэг хэвэндээ орж байна.

-Танай баг хэдэн гишүүнтэй вэ. Багынхаа гишүүдийг танилцуулбал?

Манайхан зургуулаа. Яг эрчүүдээрээ  ажилладаг. Эмэгтэй жүжигчин хэрэгтэй үед  гаднаас ангийн эсвэл доод курсийн охидтойгоо хамтардаг. 

-ШҮҮМЖИЛЖ БОЛОХГҮЙ НИЙГЭМ ЮМ-

-Та бүхний бичлэгт гардаг агуулга нь нийгмийн эмзэглэл байдаг. Тэгэхээр та бүхнийг болж бүтэхгүй асуудлыг илүү олж хардаг, түүндээ эмзэглэдэг залуус гэж ойлгож болох уу?

-Эхнэрээ зоддог хүн бидний бичлэгийг хараад өөрийгөө тольдоно шүү дээ. Үзээд "би бас ийм зан гаргадаг. Ингэж харагддаг юм байна шүү" гэдэг зүйлийг хүн бага хэмжээгээр бодно. Ямар ч хэрэгцээгүй зүйл үзэж байснаас арай хэрэгтэй зүйл үзээд ухаардаг, боддог байх нь илүү санагддаг. 

-Та бүхэн нийгэмд тулгамдаж буй асуудлыг маш зоригтой шүүмжилсэн. Гэхдээ сошиал хаягаа алдсан гэж хэллээ.  Ямар бичлэг хийгээд хаалгачихсан юм бэ? 

-Бид улс төрчдийн хажууд жижигдэнэ.  Хэдэн бацаанууд нийлж улс төр шүүмжлээд. Уг нь зориг нь сайхан юм даа. Тэгээд устгуулаад байх юм.Үнэхээр сошиал хаягаа хамгаалах гээд нэмэргүй юм байна лээ. Ер нь бол ямар ч аргаар хамаагүй устгасан. Ер нь шүүмжилж болохгүй нийгэм юм. Бүр улаан  цагаандаа гарчихсан. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Залуучууд бид мөрөөдлөө яриад боловсролоо ахиулаад байж байх ёстой. Гэтэл  уурлаад л  улс төр шүүмжлээд л. Нэг байр, машины төлөө л самьдарч байна. Энэ бол яг үнэндээ өрөвдмөөр зүйл Монголын  ямар их баялагтай билээ. Би бас нэг бичлэг хийж байсан. Бид Арабаас их баялагтай хэр нь яагаад ингэж амьдарч байгаа вэ гэсэн агуулгаар. Гол нь бид одоо энэ буруутай хүмүүсийг хариуцлага хүлээтэл  болох байх. Ингээд хэлчихээр буруу зүйлд уриалсан болчих байхдаа. 

-Бичлэгийг тийм амар хийхгүй. Нэг төрлийн уран бүтээл хийж байгаа хүмүүс шүү дээ та бүхэн. Нэг контентын ард маш их хөдөлмөр, цаг, санхүү орно?

Ер нь асар хүнд. Тулаанаа гаргана гээд хоёр өдрийн ажил болдог. Гэхдээ ойрын хэд хоног нэлээн завсардсан.Бид нарын хувьд бас нэг уналтын үе байлаа.

Шинэ жилийн өмнөхөн арванхоёрдугаар сарын 25-нд ээж маань бурхан болсон. Аягүй гэнэтийн юм байна. Хүүгээ сайн явахыг харсангүйдээ л гэж бодож байна.Хэцүү юм байна лээ. Хүн чинь итгэдэггүй юм байна. Одоо болтол итгэж чадахгүй байгаа. Ах нар хэлдэг байсан ээжийгээ л хайрлаж яваарай гээд бид нар хайрлаад яваад байна гэж боддог байсан үгүй байсан байна. Өөдөөс нь хэрэлддэг байснаа бодож өөртөө гомддог юм байна. Эцэг, эх хүн гэдэг жаргахгүй  явчихдаг юм байна гэж би бодсон. Үр хүүхдийнхээ төлөө амьдарсаар байгаад энэ хорвоог дуусгадаг юм байна. Хүн ер нь гэр бүл ойр дотнынхоо хүмүүст хайртайгаа  хэлж байх ёстой юм байна. Ээж , аав, ах, эгч, эхнэртээ хайртай шүү.

-Одоо шинэ он эхэлж байна шүү дээ. Та бүхний минь цаашдын зорилго, зорилт юу байна вэ

Одоо богино бичлэгээ удахгүй хийхээ болино. Жүжигчнний мөрөөдөл байна. Бид нар кино хийхээр төлөвлөж байгаа. Бид нар "Тайгын тэнүүлч, Жинжил" гээд бүрэн хэмжээний хоёр киноны ард гарсан залуу уран бүтээлчид. Алдаа, оноотой ч гэсэн ард нь гарж чадсан. Тийм болохоор ер нь нээх удахгүй богино бичлэгээ болих бодолтой байгаа.

Г.ЭНХЗУЛ