Автозам ашигласны төлбөрийг завшсан байж болзошгүй албан тушаалтнуудыг огцруулах шаардлагыг тээвэрчдийн гэргий нарын холбооноос хүргүүллээ.
"Тээвэрчдийн гэргий нарын холбоо" ТББ-ын УЗ-ын дарга Ж.Туул, “Гашуун сухайтын авто замыг хувийн хэвшлийн байгууллага бариад улсад өгсөн байдаг. "Эрдэнэс Монгол"ХХК нь “Гашуун сухайт авто зам” ХХК-г байгуулсан. Зам засвартай холбоотой асуудлыг хөндөхөөр “хөрөнгө мөнгөний асуудалтай байгаа” гэх зүйлийг үргэлж ярьдаг. 2018 онд нэр бүхий холбоод нэлээдгүй шаардлага тавьсны үр дүнд тухайн үеийн Зам тээврийн дэд сайд Л.Халтар газар дээр нь ажиллаж, засварлаж байсан удаатай. Гэвч засварласан зам нь шаардлага хангаагүй. Тухайн замаар хүнд даацын ачаа тээврийн үйлчилгээг байнга үзүүлдэг учраас эвдрэл маш их гарсан. Манай холбооны зүгээс зам засвараа дахин хийхийг жилийн өмнөөс шаардаж эхэлсэн. Мэдээллийн сайтуудаар замаа зассан гэж ярьдаг ч бодит байдал огт өөр байна.
Энэ зам нь уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс тээврийн 80 хувийг зорчуулдаг зам. Энд 20 мянган жолооч ажиллаж байгаа.
Зөвхөн эдийн засгийн сэргэлт бус иргэдтэйгээ хамт сэргэдэг сэргэлтийг яримаар байна. Өдийг хүртэл энэ асуудлыг ярьдаг албан тушаалтан ч алга. Манай холбооны зүгээс зам тээврийн яам нь мэргэжлийн байгууллагатайгаа хамтраад Гашуун сухайтын авто замын засварын ажлыг яаралтай хийлгэх шаардлага тавьж байна. Энэхүү эвдрэлтэй замаас үүдэж бие махбод, сэтгэл санаагаар хохирсон олон гэр бүл бий. Бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол тээврийн эрх ашгийг хамгаалдаг бусад байгууллагатай хамтран тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгээ мэдэгдэж байна. 21 аймгийг бүсчлэн тойрч, автозамыг шалган, тухайн нутгийн оршин суугчидтай хамтран энэхүү шаардлагыг албажуулах ажлыг зохион байгуулна” гэлээ.
“Тээвэрчдийн гэргий нарын холбоо” ТББ-ын УЗ-ын гишүүн х.Жавзансүрэн, “Аж ахуйн нэгжүүдтэй авто зам ашиглах гэрээ байгуулдаг. Тухайн гэрээнд “төрийн өмчийн тусгай зориулалтын авто замаар уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх” гэж тусгасан байдаг.
Гашуун сухайтын зам нь том оврын авто машин нэг удаа зорчиход 500 мянга орчим төгрөгийг татдаг. Өдөрт мянга орчим машин тус замыг ашигладаг гэж тооцоолоход сардаа 12-15 тэрбум төгрөгийг сандаа төвлөрүүлж байна.
Энэ мөнгийг авсан л бол тухайн зам стандартын дагуу байх ёстой. Гэтэл хурд хэмжигч, камер уг зам дээр огт тавигдаагүй ба нойлын асуудал ч яригдсаар л байгаа. Тухайн байгууллагын албан тушаалтнууд АТГ-т шалгагдаж байгаа нэрийдлээр ажилдаа явсаар байна. Замын гэмтлээс шалтгаалан осол гарч, машин техник эвдрэхэд “Замаас хурдан гарга. Эс бөгөөс мөнгөн торгууль оногдуулна” гэдэг. Нэгэнт гэрээ байгуулаад шаардлагатай мөнгийг өгч байхад чирэгч, ачигч зэргийг бэлэн байлгах ёстой. Гэтэл торгуулахгүйн тулд жолооч хувиасаа мөнгө гарган замаа чөлөөлдөг. Энхийн цагт энэ зам эрдэнэт хүний амийг авч байна. Тус замаас шалтгаалан хохирол амссан хүмүүсийг нэгтгэж, засахгүй байгаа хагархай замаа засах хүртэл нь бүх арга хэмжээг авна” гэлээ.
О.ЭНХЗУЛ