Ф.Лемансел: Дэлхийн 30 гаруй орноор ДУГУЙТАЙ аялахдаа Монгол шиг уудам ТАЛ нутаг хараагүй /ВИДЕО/

Ф.Лемансел: Дэлхийн 30 гаруй орноор ДУГУЙТАЙ аялахдаа Монгол шиг уудам ТАЛ нутаг хараагүй /ВИДЕО/

Гэрээсээ гараад дөрвөн жил дугуйгаар дэлхийг тойрон аялж 30 гаруй орныг үзээд буй Франсуа Лемансел гэх 25 настай залуу Монголд ирсэн талаар бид өмнө нь мэдээлж байв. Тэрбээр арванхоёрдугаар сарын 2-нд Монгол Улсын хилийг давж, Дорноговь аймгийн нутаг руу орж ирсэн юм. Иймд бид түүний замыг тосож, урт аяллынх нь талаар ярилцлаа.

Франсуагаас “Гэрээ санаж байна уу” хэмээн асуухад “Дөрвөн жил аялахдаа бараг л өдөр бүр гэрээ санаж байгаагаа мэдэрч байсан. Гэхдээ нэгэнт зориод гарсан аяллынхаа төгсгөлийг үзэж жилийн дараа гэртэй харих гэж байгаадаа баяртай байна” хэмээв. Түүнийг 10 настай байхад аав, ээж нь дугуй унахыг зааж өгснөөс хойш тасралтгүй 10 жил дугуйн спортоор хичээллэж хагас мэргэжлийн тамирчин болсон бөгөөд маш олон уралдаан тэмцээнд оролцож, өндөр амжилт үзүүлсэн аж. Улмаар 10 жилийн дараа дугуйн спортоос түр завсарлаж, гэр бүл, найз нөхөд,төрөлх хотоо орхин дэлхийг дугуйгаар тойрохоор аялж яваа нь энэ юм.

ВИДЕО: 

Тэрбээр Монгол дахь аяллынхаа талаар ярихдаа, Би хятадаас монгол руу Эрээн-Замын-Үүд боомтоор дамжин орж ирсэн. Монголд ирээд би хамгийн түрүүнд маш уудам цөл харсан. Тэгээд хамгийн түрүүнд Монгол маш том улс орон юм байна. Өргөн уудам нутагтай юм байна гэж бодсон. Надад Монгол Улс маш онцгой мэдрэмж төрүүлсэн. Учир нь европт тийм том цөл байхгүй шүү дээ. Монголын тал нутгаар дугуйгаар явж байхад яг л хэзээ ч дуусахгүй газар нутагтай юм шиг санагдаж байсан. Бас газар цагаан байсан болохоор яг л тэнгэрт яваад байгаа юм шиг мэдрэмж төрсөн.

Эхний хоёр өдөр би жижиг тосгон гэмээр газруудаар дайрсан. Тэгээд хүмүүсээс “хоолны газар байна уу. Надад тус болж байршлын зааж өгөөч” гэж асуусан боловч намайг ойлгоогүй. Гэхдээ би маш сайхан хүмүүстэй уулзсан. Говиор явсан тав хоногт би гадаа майхнаа барьж хоноогүй. Монгол хүмүүс намайг гэртэй урьж, хонуулсан. Бас оройн хоол өгсөн. Би монголын говьд маш сайхан хүмүүстэй цагыг өнгөрүүлсэн.

Монголд дугуйтай явахад салхи хамгийн том асуудал байсан. Тиймээс говьд аялахад салхи ихтэй өдрүүдэд хамгийн хэцүү байсан. Салхитай өдөр би 10 цаг тасралтгүй дугуй унахад 40-45 км зам туулсан” гэв. 

Хамгийн хачирхалтай нь Франсуа дэлхийг тойрох аялалд гарахдаа ямар ч маршрут төлөвлөгөө гаргаагүй аж. Тэрбээр “зүгээр л одоо миний явах цаг болсон гэсэн мэдрэмж төрж, гэр орон, найзуудаа орхиод гарахад бэлэн байгаагаа ойлгосон тул дугуйгаа унаад  аялалд гарсан. Миний гэр орон болж буй дугуй маань ачаатайгаа нийлээд 65 кг болдог. Ачаанд маань миний гал тогоо, унтлагын мишок, эмийн сан, зураг дарж, видео хийх төхөөрөмж, шаардлагатай хэдэн хувцас байгаа.

Мөн монголын өвөл миний аяллын хоёр дахь өвөл болж байна. Миний аялсан зарим улсад +40 градус хүрч халж байсан харин монголд өдөртөө -40 градус хүрч байх шиг байна. Миний бие хэдийнээ монголын хүйтэнд дассан учир дулаан газар суухаас илүүтэй -40 хэмийн хүйтэнд хээр майхнаа бариад хоноглох нь илүү тухтай санагдаж байна” гэсэн юм. Түүний хувьд монголд гурван сар аялахаар төлөвлөжээ. Мөн Монголын дугуйн холбооноос албан ёсны урилга ирүүлээд байгаа аж.

ФОТО: