Д.Энхтүвшин: Хөрөнгө оруулалтын хууль гэнэт өөрчлөгддөг нь гадны ААН-үүдэд хүндрэл үүсгэж байгаа ч энэ хуулийг хэлэлцэх нь зөв

Д.Энхтүвшин: Хөрөнгө оруулалтын хууль гэнэт өөрчлөгддөг нь гадны ААН-үүдэд хүндрэл үүсгэж байгаа ч энэ хуулийг хэлэлцэх нь зөв

"Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл"-ийн талаар Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр /2024.01.11/ байр сууриа илэрхийллээ. 

Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэлээд олон удаа хэлэлцсэн. МҮХАҮТ-ын зүгээс өмнө нь 60 орчим саналыг хүргүүлсэн бөгөөд зарим санал хуулийн төсөлд тусгагдаж орсон байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх томоохон дохио болох учраас тус хуулийн хэлэлцэх эсэх асуудалд хуумгай хандах нь зохисгүй юм. Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний чухал алхам бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах явдал хэмээн дүгнэсэн. 

Нэгдүгээрт хууль, эрх зүйн орчин тогтвортой байх тухай ойлголт нэн чухал. Хууль гэнэт өөрчлөгддөг эсвэл мэдээгүй байхад нь шинээр зүйл заалтууд орж шинэчлэгддэг. Энэ нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг ААН-үүдэд хүндрэлтэй байдал үүсгэж байна.

Үүнтэй холбоотой саналуудаа тавьсан. Дээрх саналыг хүлээн авч, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6.1.2, 6.1.3-т өөрсдийн эрх ашиг, хөрөнгө оруулагчдын эрх ашигтай холбоотой хөндсөн асуудлыг оновчтой болгож, гадаадын хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангадаг, хэлэлцүүлэгт оролцох боломжтой болгох талаарх эдийн засгийн холбогдолтой заалтууд анх удаа орсон байгаа. 

Хоёрдугаарт хууль, эрх зүйн орчноос хамаарч бизнест тулгардаг асуудал нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо.

Засгийн газрын түвшинд холбогдох яамд хоорондоо ойлголцдоггүй. Засгийн газар болон орон нутгийн түвшинд гаргасан шийдвэрээ ч ойлголцдоггүй. Орон нутагт очихоор тэс өөр зүйл шаарддаг гэх мэтчилэн уялдаагүй байдал нь хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа хийх орчныг тогтворгүй болгодог. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр энэ чиглэлд бүтэн бүлэг оруулсан байсан. Тодруулбал тус хуулийн төслийн гуравдугаар бүлэгт зөвхөн төрийн захиргааны төв байгууллагаас гадна, төрийн бусад байгууллага, орон нутгийн байгууллага ямар түвшинд оролцох тухай заалтуудыг оруулсан байгаа. Үүнийг олзуурхаж байна.

Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой дөрвөн том хэрэг олон улсын шүүх дээр очсон байдгаас нэг хэрэг нь хөрөнгө оруулагчдын талд шийдэгдэж, Монгол Улсын хувьд хохирол төлбөрийг нь төлөх шийдвэр гарсан. Харин нэг нь тохиролцсон, үлдсэн хоёр асуудал нь одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа. Энэ процесс удаан хугацаанд үргэлжилдэг учир зөвхөн гадаад гэлтгүй, дотоодын хөрөнгө оруулагчдад ч тодорхойгүй байдлыг бий болгодог. Иймд нэг алхам ахиж, хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх талаар заалтуудыг оруулж өгснийг олзуурхаж байгаа.

Өмнөх хуулиас одоогийн мөрдөгдөж байгаа хуульд сайжирсан зүйлс нэлээд байна. Гэхдээ хуулийн төслийг дахин хэлэлцэж, сайжруулах зүйлс ч бий. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх нь мэдээж зөв. Хэрвээ одоо хэлэлцэхгүй гэж шийдээд хуулийн төсөл буцвал хөрөнгө оруулагчдад буруу дохио болно" гэлээ.