Тоби Филпотт: Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар уул уурхайгаас бусад салбарт ч хөрөнгө оруулах боломж нээгдэнэ /LIVE/

Тоби Филпотт: Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар уул уурхайгаас бусад салбарт ч хөрөнгө оруулах боломж нээгдэнэ /LIVE/

МҮХҮАТ, Америк-Монголын худалдааны танхим, Европын худалдааны танхим болон бусад бизнесийн байгууллагын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Их Британийн худалдааны танхимын төлөөлөл Тоби Филпотт, "Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэлэлцэж байгааг сануулъя. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд шийдвэрлэх шаардлагатай сүүлийн арван жилд байгаа асуудлуудыг энэ хуулиар шийдвэрлэх болов уу гэсэн найдлага тавьж байгаа.

Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж буй байдлыг бусад улстай харьцуулсан олон улсын статистикаас нэлээд хойгуур жагсаж буйг харж болно.

Би долоон жилийн өмнө Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэхийн тулд ирсэн. Долоон жилийн дараа ч бид эдийн засгийн төрөлжилт гэдэг сэдвийг ярьсаар байна. Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар эдийн засгийн төрөлжилт илүү идэвхжиж, зөвхөн уул уурхайн салбар дахь бүх хөрөнгө оруулалт татагдах бус уул уурхайгаас өөр салбарт ч хөрөнгө оруулалт орж ирэх боломж нээгдэх байх гэж бодож байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирснээр ажлын байр нэмэгдэх, шинэ технологи нэвтрэх зэрэг олон давуу талыг эдийн засагт бий болгодог.

Британийн худалдааны танхимын зүгээс онцгойлон хэлэхэд Америк-Монголын хооронд байгуулагдсан ил тод байдлын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх ажил чухал байна. Аливаа бизнесийн гэрээ, хэлэлцээр бүрэн хэрэгжиж, аль аль тал нь гэрээний хэрэгжилтийг хүндэтгэх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын хүсдэг зүйл нь тогтвортой байдал. Бидний хувьд валютын ханш, хууль эрхзүйн орчин тогтвортой байх нь чухал. Ялангуяа томоохон улс төрийн намууд нь хөрөнгө оруулалтын асуудлаар нэгдсэн байр суурьтай байх нь чухал байгаа юм.

Энэ хууль зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудал бус Улаанбаатар хотын танхим, МҮХАҮТ гээд хөрөнгө оруулалттай холбоотой ажилладаг бүхий л байгууллагын асуудлыг хөндөж байгаа учраас төлөөллүүд энд сууж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бизнесийн танхимууд эв нэгдэлтэй, нэгдсэн байр суурьтай байгааг эндээс харж байгаа гэж найдаж байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: