ЧУУЛГАН: Өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

ЧУУЛГАН: Өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.10/-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Малын хулгай тэр дундаа хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай  тул энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, бусдад ял завших боломжийг гаргахгүй байхаар Эрүүгийн хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж хуулийн төслийг боловсруулжээ.

Өнчин ишиг хулгайлсан ч гэмт этгээдэд зохих ял шийтгэлийг эдлүүлж, малын хулгайн гэмт хэрэгт зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулдаг зохицуулалт оруулахаар хуулийн төсөл санаачлагч болон Ажлын хэсэг үзсэн талаар мөн тэмдэглэсэн юм. Эрүүгийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд 8 бог, эсхүл 2 бодоос дээш мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдэд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, 1 бог хулгай хийвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна.

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан байсан ч хорих ялаар шийтгэнэ. Бусдын олон тооны мал хулгайлсан, бүлэглэсэн бол 2-8 жил хорихоор болж байгаа. Ганцаараа хулгайлсан тохиолдолд 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорино. Мал хулгайлахдаа портер машинаа ашигласан бол хүндрүүлсэн нөхцөлд тооцож, машиныг хураана” хэмээн тайлбарласан юм.