Улс даяар өвөлжилтийн нөхцөл байдал зудын гамшгийн хэмжээнд хүрсэн гэж албаны хүмүүс мэдээлж байна. Энэ өвлийн байдлаар 21 аймаг 210 сумын 190,760 малчин өрх 64,6 сая мал өвөлжиж байна. Аймгийн аюулгүй байдлын нөөц болгон 584,7 мянган тонн өвс, 6998,2 мянган тонн тэжээлийг бэлдсэн байна.
ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр: Одоогийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй зудын гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнээс долоон аймгийн 15 сум төмөр зуд, 17 аймгийн 81 сум цагаан зуд, 16 аймгийн 65 сум цагаан зудрахуй, хоёр аймаг харын зудтай гэсэн мэдээлэл байна. Мөн Зудын хүндрэлээс шалтгаалан 18859 малчин, 7854,3 сая мал оторлон нүүн шилжиж өвөлжих хөдөлгөөнийг хийж байна. Энэ тухай зудын хүндрэлээс шалтгаалан 59,4 мянган мал хорогдсон байна. Он гарсны дараагаас буюу 12 хоногийн дотор 14 мянган мал хорогджээ.
Цагаан зуд /зудрахуй/ гэдэг нь: Ердийн зуншлагатай жилд зонхилох бэлчээрийг бүрхсэн дунд зэргийн нягтралтай, цасны дундаж зузаан хангайн бүсэд 12-15 см, хээрийн бүсэд 8-10 см, говийн бүсэд 5-6 см, болоход мал бэлчээрээс өвс олж идэхэд хүнд болдгийг цагаан зуд гэнэ.
Харын зуд гэдэг нь: Хүйтний улиралд удаан хугацаагаар цас огт ороогүй бөгөөд нуур, ихэнх гол мөрөн, булгийн ус хөлдсөнөөс худгийн ус хүрэлцэхгүй мал сүрэг усаар гачигдан мал олноор үхэх нөхцөл бүрэлдэхийг харын зуд гэнэ.
Төмөр зуд гэдэг нь: Намар орой орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөх гамшгийг хэлнэ.
Иймд УОК, ЦУОШГ-аас байгалийн аюулт үзэгдлийн үед мал сүргээ холын бэлчээрт гаргахгүй байх, малын хашаа саравчаа дулаалах, малд явахдаа ердийн унаа хөсөг ашиглах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.
Г.ЭНХЗУЛ