Б.Дэлгэрсайхан: Нийтийн тээврийн шинэ маршрутыг энэ сарын 20-ноос туршина

Б.Дэлгэрсайхан: Нийтийн тээврийн шинэ маршрутыг энэ сарын 20-ноос туршина

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо нийтийн тээвэртэй хамтран чиглэлийн төлөвлөлт хийжээ. Уг төлөвлөгөөг энэ сарын 20-ноос туршиж эхэлнэ.  Энэхүү төлөвлөлтийн талаар  Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан телевизид өгсөн ярилцлагадаа хэрхэн тайлбарласныг хүргэе.  

Тэрбээр, Би Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдоод гурван сарын хугацаа өнгөрсөн байна. Манай хороо Нийслэлтэй хамтран автобус худалдан авах тухай асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэхээр зорьсон. Нэгдүгээр сарын 30-нд гэхэд нийт 600 автобусаа хүлээж авна. Нийтийн тээврийн хүртээмжийн асуудал ерөнхийдөө шийдвэрлэгдсэн гэхэд болно. Нийслэлд тулгамдаад буй дараагийн чухал асуудал нь түгжрэл. Түгжрэлийг бууруулах талаар Улаанбаатар хотын Засаг даргатай хамтран төлөвлөгөө боловсруулж, Үндэсний хороогоор хэлэлцсэн.  Түгжрэл үүсгэх нэг шалтгаан нь автобусны маршрутын давхцал. Тэгэхээр автобусны маршрутаа өөрчилж, төлөвлөлтөө шинээр хийх шаардлагатай. Тухайлбал, Төв урсгал буюу Энхтайваны өргөн чөлөөг нэг урсгалаар явуулж, нэг зогсоол дээр нэг чиглэл автобус явах байдлаар зохион байгуулалт хийж байна.  Офицеруудын ордноос Таван шар хүртэл нэг урсгалаар, гурван минутын зайтай урсгана гэсэн үг. Ялангуяа ид ачааллын үеэр хоёр буюу хосоор нь явуулахаар төлөвлөсөн. Ингэснээр иргэд удаан хугацаанд автобус хүлээх шаардлагагүй болно. Хэдэн ч автобус дамжин суусан өдөрт 1000 төгрөгөөр зорчих боломжтой. Энэ зохицуулалтыг нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжүүлж эхэлнэ. Мөн автобусны зорчих эгнээгээр өөр тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх  асуудалд Замын цагдаа болон Авто замын газартай хамтран ажиллана. Судлаачид автобусыг аль болох богино хугацаанд ар араас нь явуулах нь зөв юм гэж үзсэн. Нийтийн тээврийн хүртээмж болон бусад асуудлыг шийдвэрлэснээр иргэд заавал хувийн машинтайгаа замын хөдөлгөөнд оролцох шаардлагагүй болно. Ингэснээр замын түгжрэл тодорхой хэмжээнд буурах боломжтой гэжээ.