Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн А.Ундраа, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-ын Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ. 

Хуулийн төсөл нь Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, уг харилцаанд төрийн байгууллагын эдлэх бүрэн эрх, иргэн, хуулийн этгээдийн оролцоог тодорхойлж, зохицуулсан нийт 6 бүлэг, 18 зүйлтэй. Хуулийн төслөөр эрдэнэсийн санд холбогдох нэр томьёог холбогдох олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гүйлгээ сангийн зарцуулалт, эрдэнэсийн сангийн бүртгэл, Эрдэнэсийн санд олборлосон алт авах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ. 

Олон улсын туршлагаар алтны сорьц тогтоох үйл ажиллагааг тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллага гүйцэтгэхээс гадна Төв банк, тусгай зөвшөөрөлтэй хувийн хөрөнгө оруулалт бүхий бусад хуулийн этгээд эрхэлдэг байна. Хуулийн төслийг дагалдан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулан, Монголбанкинд тушаах үнэт мөталлын сорьцыг сорьц тогтоох төрийн захиргааны байгууллагаас гадна, тусгай эөвшөөрөлтэй хуулийн этгээд, эсхүл Монголбанк тогтоож болох зохицуулалтыг тусгасан байна. 

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын түүх, соёлын өвийн эрх зүйн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нэмэгдэх, эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаа өргөжиж боловсронгуй болох, иргэд, хуулийн этгээд худалдах үнэт металын олон улсын стандартад нийцсэн сорьцыг тогтоолгох, улмаар үнэт мөталлын эдийн засгийн эргэлт сайжрах зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавар үүснэ хэмээн төсөл санаачлагч нар үзжээ.