ВИДЕО: “Монголын төмөр зам” ТӨХК нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замыг Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулжээ

ВИДЕО: “Монголын төмөр зам” ТӨХК нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замыг Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулжээ

Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд 2023 онд Монгол Улс үндэсний төмөр замын сүлжээгээ 900 гаруй км-ээр өргөжүүллээ. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2010 онд УИХ баталж, үндэсний төмөр замын сүлжээг шинээр 5600 км орчим барих шийдвэрийг гаргасан бөгөөд  Монгол Улсад төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулах эхлэлийг Монголын төмөр замчид ийнхүү амжилттай эхлүүллээ.

ВИДЕО: 

2023 оны наймдугаар сарын 02-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замыг Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад орууллаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь жилд 15-20 сая тн ачаа тээх хүчин чадалтай, гол замын даац 25 тн, нэг өртөө, зургаан зөрлөг бүхий гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад 837,6 мянган ширхэг бетон дэр, бэхэлгээ, 871 км шилэн кабель суурилуулж, 25,1 сая метр куб газар шорооны ажил хийжээ. Түүнчлэн төмөр замын трассын дагуу 595 ш гүүр хоолой барьж, 22 мянган метр.кв барилга байшин ашиглалтад оруулан SIL4 /сийл 4/ шаардлагыг хангасан БНСУ-ын дохиолол холбооны системийг суурилуулж, MNS6229:2010 стандартад бүрэн нийцсэн ачааны хүнд даацын төмөр замыг бүрэн ашиглалтад оруулжээ.

“Монголын төмөр зам” ТӨХК нь мөн 2023 оноос “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар аммонийн нитратийн тээвэрлэлтийг эхлүүлээд байгаа юм. Тус “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын “Цогтцэций өртөө”-г Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах шаардлага хангасан хэмээн үзэж Аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлажээ.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам нь шинээр баригдах баруун, зүүн чиглэлийн төмөр замуудыг холбох хэвтээ тэнхлэгийн төмөр зам гэдгээрээ онцлогтой. Улмаар тус төмөр замын хувьд Тавантолгойн бүлэг ордын нүүрс болон тухайн бүсийн уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ болон ОХУ-аар дамжин 3 дагч орны зах зээлд гарах экспортын шинэ гарцуудтай холбогдох, бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид шууд хүргэх боломжийг бий болгох эдийн засгийн үр өгөөжтэй төмөр зам юм.