ШУУРХАЙ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруутайг тогтоохоор шүүх бүрэлдэхүүн хоёр дахь өдрөө зөвлөлдөж байна

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруутайг тогтоохоор шүүх бүрэлдэхүүн хоёр дахь өдрөө зөвлөлдөж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж, өнгөрсөн баасан гарагт завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлсэн байдаг. 

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн өнөөдөр хоёр дахь өдрөө зөвлөлдөж байна. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шийдвэрээ гаргасны дараа шүүгдэгч нарыг дуудаж, шийдвэр танилцуулах юм. Ташрамд өгүүлэхэд, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.