Жолооч Б: Эцсийн мөчид машинаа тоормосгүй болсныг мэдсэн

Жолооч Б: Эцсийн мөчид машинаа тоормосгүй болсныг мэдсэн

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Цагаан даваан орчимд 2020 оны долдугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас найман хүний амь нас хохирч, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, таван автомашин, нэг мотоцикл шатсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл тус хэргийг давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу хоёрдугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд товлогдсон байна. Мөн хэдхэн хоногийн өмнө /2024.01.23-24/ мөн "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, Батлан хамгаалах яамны эзэмшлийн Nissan Patrol маркийн суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал болсон билээ. Тиймээс бид олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс  Цагаан даваа дээр гарсан ослын үеэр юу болсон, анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч нар болоод хохирогч нар хэргийн талаар юу өгүүлж байв гэдгийг тоймлон хүргэж байна. 

-ЖОЛООЧ Б: ЭЦСИЙН МӨЧИД МАШИНАА ТООРМОСГҮЙ БОЛСНЫГ МЭДСЭН-

Цагаан даваа дээр гарсан ослын анхан шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч Б-д долоон жилийн хорих ял оноож, хоёр жилийг нь өршөөлд хамруулсан байдаг. 

Шүүгдэгч Б нь шүүх хурлын үеэр "Миний хувьд уруудахдаа 9 км цагийн хурдтай явсан. Нотлох баримт нь хавтаст хэрэгт байгаа. Эцсийн мөчид машинаа тоормосгүй болсныг мэдсэн. Машиныг унагаах арга хэмжээ өөрөө авсан. Тодорхой хугацаанд бензин асгараагүй байсан. Хэд хэдэн машин гарсан гэдгийг би өөрөө тодорхой хугацаанд харсан. Ийм л зүйл болсон. Энэ хүмүүсээс уучлалт гуйх боломж олдоогүй байсан. Та бүгдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Ийм боломж надад олдоогүй байсан” гэжээ. 

Харин шүүгдэгч Д.М нь "Манай компани 2019 оны 12 дугаар сард нэг машин авсан. Тэр машин маань саяны осолд орсон машин.  “... трейд” ХХК-тай дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гэрээ хийсэн. Осол гарах хүртэл нийт 10 тээвэр хийсэн тээврийн компани. Олон ажилтан байхгүй. Жолооч Б тэгээд би өөрөө байдаг. Манай машин ... трейд ХХК-с шаардсан бүх бичиг баримтыг бүрдүүлээд стандартын дагуу бүх үйл ажиллагаагаа хийсэн. Тэгээд гэрээ, хэлцэл хийгээд тээвэр хийх үйл ажиллагаа эхэлсэн” гэдгийг осол гаргасан жолоочийн ажил олгогч компанийн удирдлага ийн мэдүүлжээ. 

-ХОХИРОГЧ О: ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧ, КОМПАНИЙН ХҮМҮҮСИЙГ УУЧЛАЛ ГУЙХ БОЛОВ УУ ГЭЖ ГУРВАН ЖИЛ ХАРСАН-

Харин хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О “2020 оны долдугаар сарын 15-ны өдөр ам бүл 6 байсан. Ханьтайгаа 4 хүүхэдтэйгээ амарч байгаад энэ явдал болсон. Тайхар чулуу орчхоод буцах замд энэ осол болсон. Тухайн осол гарсан үед би ... настай хүүгээ тэврээд хойно суугаад явж байсан. Гэв гэнэт их чимээ гарсан. Яав, юу болов гэх хүмүүсийн хэлж байгаа шиг цаг хугацаа байгаагүй. Ханийгаа эргээч гэж хэлэхийн завдалгүй гэв гэнэт их чимээ гараад гал гарсан. Тэгэх байсан, ингэх байсан гэх ямар ч цаг хугацаа байгаагүй. Миний санаж байгаагаар секунд доторх хэмжээнд болсон гэж бодож байгаа. Мэдээж гомдолтой байна. Ээж, хань, 3 хүүхдээ дайны цаг биш зүв зүгээр явж байгаад өдөр өдрийн дараалалтай эмнэлэгт салах ёс хийсэн нь надад маш хэцүү байсан. Юу болж байгааг ойлгох тэнхээ байгаагүй. Хамгийн сүүлд том охиноо аваад явсан боловч харамсалтайгаар алдсан.  Эмнэлгийн доороос доошоо харж үзсэн. Амьдрах хэрэг байна уу гэж. Яалт ч үгүй үр минь үлдсэн болохоор эх хүний хувиар. Дээрээс нь миний хань амьдруулах гэж тэр гал руу дахин дахин орж бид нарыг гаргасандаа. Зүгээр байсан ээжийгээ гэрээс нь авч гараад ийм болгосон гээд маш олон зүйлийг бодож байна. Эх хүн учраас тэмцээд явж байна.

Ослын дараа эмчилгээ маш хэцүү байсан. Хоёр удаа хагалгаанд орсон. Өнөөдөр би ганц бие ээжийн амьдралаар хүүгээ өсгөөд явж байгаа жирийн нэг эмэгтэй. Хохирлын хэмжээнд 5 хүн маань босоод ирэхгүй. Үүрд сэтгэлд минь байна. Өдөр нь зүгээр байдаг ч шөнө надад маш хэцүү байдаг.

Д.М гэж Монгол хүн гэж хэлж байх шиг байна.  Монгол хүний хувиар гурван жил ядаж нэг удаа холбогдчих бол уу гэж хүлээж байсан. Энд холбоотой хүмүүс нэг ч удаа холбогдоогүй.  Монгол хүн байна гэдэг энэ нөхцөлд харах байх. Нэг удаа холбогдоод эмгэнэл илэрхийлье гэсэн бол. Хүн чинь сэтгэлийн амьтан. Хүлээж байсан. Тийм зүйл нэг ч байгаагүй. Солонгос улс руу явсан эмчилгээ бол Монголын ард түмний сэтгэлийн дэмээр дөрвөн мөчөө боолгоод Солонгос улс руу явж байсан. Монголын ард түмэн болон хайртай дотны хүмүүсийнхээ буянд өнөөдөр ажиллаад явж байна. Хохирлын хувьд сэтгэл санааны хохирол хэзээ ч арилахгүй. Мөнгөн дүнгийн хохирлын хувьд нийтдээ 252 сая төгрөг байгаа. Бүх хохирлоо баримтжуулж өгөөгүй. Түлэгдсэн хүмүүс боолтны цаанаас маш их идээ гардаг. Ор хөнжлийн даавууг маань өдөрт 2-3 удаа сольдог. Сүүлд баримтаа харахад тэр  даавуунуудыг хатаах хатаагч хүртэл авч байсан. Тооцоо нь гарч байсан. Надад тэр болгоныг хараад эргэж санах юу ч байгаагүй. Тэр болгоныг тооцолгүйгээр эмчилгээний, оршуулгын, цайллагын гэх мэт зардлаа оруулаад 252  сая төгрөг болсон. Хайртай хүмүүсээ амар амгалан байлгах хамгийн эхний зүйл энэ шүүх хурал шийдэгдэх.

Хариуцлага гэдэг үг ямар учиртай вэ гэдгийг зөвхөн энд сууж байгаа хүмүүст биш Монголын ард түмэн даяараа ойлгож авах байх. Ийм байдлаас болж ийм олон хүний амь нас хохирлоо.

Миний хүү тэнд өнчин үлдлээ. Би өөрөө бэлэвсэн эмэгтэй болсон. Хохирлын мөнгөн дүн ингэж гарч ирсэн. Тэрнээс би нэг нэгэнгүй бичээгүй. Тухайн үед баримтжуулах ёстой байсан гэдгийг ч мэдээгүй. Би гэхээсээ илүү миний хүүгийн ирээдүй сурч боловсроход зориулна. Миний хүү өнөөдөр 3 настай. Алхах ёстой насан дээрээ алхаагүй. Өнөөдрийг хүртэл сайн ярьж чадахгүй байгаа. Хохирлын мөнгө миний хүүгийн сурч боловсрох, аавын хайр халамж, ах, эгч нарын өгөх ёстой байсан бүх зүйлийн зөвхөн нэгээхэн хэсэг гэж би харж байгаа. Хохирлоо “... ХХК-иас нэхэмжилнэ” гэжээ.

-ХОХИРОГЧ Х: ХҮҮ МИНЬ ЭНЭ ОСОЛД НАМАЙГ БУРУУТГААД БАЙДАГ-

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х. “Осол болдог өдөр гэр бүлийнхээ хамт Хөвсгөл аймгаас буцаж явсан. Эртхэн Элсэн тасархай орчихъё гэсэн зорилготой явж байсан. Яалт ч үгүй галтай нүүр тулсан. Бензин  гэдэг зүйл яах ийхийн зуургүй шатдаг юм байна лээ. Галаас гарч ирснийхээ дараа би өөрийгөө гайхаж байсан.

Шоконд орчхоод буцаж гал руу орж эхнэрийгээ авах гэсэн боловч чадаагүй. Буцаж орох ямар ч боломж байгаагүй. Хөдөө нөхцөл байдал маш хүнд юм байна лээ.

Утсаар ярья гэсэн ч утас байхгүй. Машинаас өөрсдөө гарч ирсэн нь зол болсон. Ярих гэсэн утасны дугаар ч толгойд орж ирэхгүй байсан. Хамгийн түрүүнд орж ирсэн утасны дугаар бага охины утасны дугаар байсан. Бага охин маань үлдчихсэн байсан. Хэсэг хугацааны дараа найзын минь дугаар орж ирээд би найз руугаа хэлсэн. Ийм осол аваар болчихлоо тиймээс энэ сувилагчийн данс руу мөнгө шилжүүлээч түлэнхийн тос авах шаардлагатай байна гэж хэлсэн. Аймгийн эмнэлэгт ирэхэд тэр түлэнхийн тос байхгүй байсан. Сувилагчийн дансаар мөнгө аваад хоёрхон цагийн дотор тэр аймгийн бүх эмийн сангуудад байсан түлэнхийн тосыг аваад ирсэн.

Үхтэл үр харам гэдэг шиг хүүтэйгээ хоёулаа ярьж чадахаа больсон. Хүү маань энэ осолд намайг буруутгаад байдаг. Эхнэр, хүүхдээ алдсан хүн сэтгэл зүй хүнд байгаа.

10 хэд хоногийн өмнө сүүлчийнхээ хагалгаандаа орсон. Хөл нүцгэн машинд сууж байгаад машинаас буусан болохоор хөлийн түлэнхий асар ихтэй. Юм мэдэхгүй явсаар байгаад гүвдрүүнүүд үүссэн. Тэгээд сүүлийн хагалгаандаа орсон. Гүвдрүүнүүд нь хортой юу, хоргүй юу гэдгийг Халдварт руу явуулсан байгаа. Миний хувьд төлбөр тооцоо тархинд бодогдоогүй. Эхний ээлжид амьд гарахын төлөө тэмцсэн. Байцаагч ирээд байцаалт авахад хүртэл төвөгтэй байсан. Магадгүй бид нарын нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг бодож үзлээ. Энэ зөвхөн шатсан машин, эмчилгээ, оршуулгын мөнгөн дүн. Машин дотор хичнээн зүйл шатсан. Цагдаа дээр очиход та баримттай ир гэсэн. Би хаанаасаа баримт гаргаж ирэх юм бэ. Тэр хүмүүсийн хэрэглэж байсан хувцаснаас авхуулаад гар утас барьж явсан зүйлийг баримттай гаргаж ир гэсэн. Боль боль наадуулаа бүгдийг нь хая. Бид нар бүгдээрээ машин дотор шалдан суугаад явж байсан. Одоо хүртэл хүүхдийнхээ эмчилгээний төлбөрийг би нэхэмжлэхгүй байгаа. Хуульд шинээр сэтгэл санааны хохиролтой холбоотой зүйл заалт орсон гэсэн. Тэрний дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүмүүстэй ярилцлага хийгээд үзсэн. Тэр төлбөрийг хэд гарахыг ч би мэдэхгүй. Өнөөдөр яахав Б.******* уучлалт гуйж байна. Баярлалаа. Чамайг би хэзээ ч үзэн ядахгүй. Энэ хүмүүсийнхээ амийг ч чамаас гуйхгүй. Уучлалт гуйсанд чинь баярлалаа. ...Хохирлоо “” ХХК-иас нэхэмжилнэ” гэжээ.

-ХОХИРОГЧ: ЭНЭ ОСОЛ НЭГ ГЭР БҮЛИЙГ БИШ НЭГ АЙЛЫН ГОЛОМТЫН САМАРСАН-

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О: “Осол гардаг өдөр би нууран дээр гэр бүлээрээ амраад явж байсан. Яагаад ч юм тэр жил манай нөхөр Хөвсгөл аймаг явъя гэхээр нь явмааргүй санагдсан. Манай нөхөр өөрөө аймгийнх болохоор ойрхон агаарт гараад цаашаа Увс, Завхан аймаг руу явдаг юм билүү гэсэн уйлагнаад бороо ороод байхаар нь цаашаагаа явж чадаагүй. Буцъя даа гээд байж байтал үдээс хойш 15-16 цагийн орчим хамаатны ахаас дуудлага ирсэн. Дүү чинь явж байгаад осолд орчихсон байна гэж хэлсэн. Тэрнээс янз бүр болсон талаар хэлээгүй. Түлэгдсэн эсэхийг нь би мэдээгүй... Эмнэлгийн хаалгаар ороход улавч өмс гэсэн. Юу нь улавч өмсөх гутлаа тайлаад хөл нүцгэн гүйсэн. Би ороод хэнийг нь ч таниагүй. Миний дүү өндөр болохоор манай нөхөр энэ ... үү гэж байгаа юм.

Бүгдээрээ тарваганы боодог шиг үс нь шатчихсан аймар юм угтсан. Эм, тариа байхгүй. Амьсгалын аппарат нь дутуу.

Яаралтай 3 хүнийг амьсгалын аппаратад оруулах ёстой гэсэн. 2 амьсгалын аппараттай. 2 хүнийг нь оруулаад нэг хүнийг нь оруулж чадаагүй. Манай хүргэн эгчээ би зүгээрээ гэж хэлээд дүнгэн данган ухаантай байсан. аймгийн төвийн бүх эмийн сангуудаар орсон. Нэг газар очоод 2 тос. Хаалгыг нь нүднэ. Утсаар нь ярина. Хажуу талынх нь айлаас асууна. Шөнөжингөө гүйсэн. Манайх чинь олуулаа юм болохоор нэг талаас нь тосыг нь түрхэж байхад дуусчихна. Тэгээд олдохгүй. аймаг дээр шөнө онгоц буух боломжгүй байдаг юм байна лээ. түүлэг муутай гээд өглөө үүрээр ирнэ гэсэн. Өглөө ирсэн. Эмч нар нь аль хүнээ яаж авч явах уу, амьсгалын аппаратаа яах уу гээд ярьж байхад эхлээд дүү маань өнгөрсөн. Би айлын том хүүхэд. Дүү дээрээ уйлчихсан очихгүй. Коридорт нөхөртөө тэврүүлж байгаад бүгдийг нь онгоцонд суулгаад явуулсан. Эхний өнгөрсөн дүүгийнхээ ажил явдлыг хийгээд араас нь хот руу ирсэн. Яг л адилхан ар араасаа хүн болгон явсан. Шокноосоо гарч чадахгүй галзуурдаг юм байна лээ... Эм тариа ч их орсон. Тэгж байтал хүргэн маань өнгөрсөн. Үлдсэн дөрвөө дагуулаад ос улс руу явъя. Эмнэлэг авч явах эмч, сувилагч нарыг нь бэлдээд явах гэж байтал ээж минь өнгөрсөн. Ээжийнхээ ажил явдлыг хийх гээд би үлдээд дүү нараа явуулах гэж байтал *******ийн маань хүү өнгөрсөн.

Ковидын үе байсан болохоор эмнэлгийн нэг корпусаа хааж гадаад хүмүүсийг авахгүй гэж байсан. Эрүүл мэндийн сайд руу нь яриулж байгаад нэг корпусыг нь авхуулж байсан. Тиймэрхүү л зүйл болсон. Энэ осол нэг гэр бүлийг биш нэг айлын гал голомтыг самарсан асуудал. Энэ ослоос хойш би бамбайтай болсон. Зүрхний өвчтэй болсон. Даралтны маш их хэлбэлзэлтэй болсон. Байнгын эм уудаг болсон. Аль болох өөрийгөө зоригжуулаад уйлахгүй юм шүү. Дүүгийнхээ хажууд би одоо юу юм гэж бодсон ч хүний сэтгэл санаа санаснаар болдоггүй. Хэцүү юм байна лээ. Хүмүүс ярих нь амархан. Сэтгэлээ барьчихвал болно гэдэг. Урд шөнө ч гэсэн унтаж чадсангүй. 04 цаг өнгөрч байхад хар дарж сэрээд 02 цаг болж байхад жоохон унтсан. Нойргүй хонож байгаад л ирлээ. Миний  хувьд аль болох даваад гарахыг хичээгээд байгаа. Гэхдээ нээх амар биш юм байна лээ. Би ийм байхад миний дүүд ямар байхав. Хэцүү  л байгаа. Заримдаа дүүгээ хатуужуулах гээд ганц, хоёр үг хэлдэг. Миний зүгээс энэ шүүх хуралдааныг аль болох хурдан эцэслэж дуусгамаар байна. Нойргүйдээд түүндээ ороогдоод дахин, дахин эм уугаад яваад баймааргүй байна.  Осолд орсны дараа бүгдийг харсан. Хэцүү, хэцүү зүйл харсан учраас нүд анихаар бодогддог. Ямартай ч хурдан шийдэж өгөөч. Яривал маш олон зүйл байгаа. Миний хүү ой гарантайгаасаа миний ээжтэй хамт өссөн. Энэ хүүхэд ч хэцүү байдаг. Миний эрэгтэй дүү ч хэцүү байдаг. Ноднин 2 дугаар сард тархины усжилт хаван болсон. Дүүгээ дагуулаад эмнэлгээр явдаг. Би нээх чадалтайдаа биш. Тухайн үед машинаа зараад бүгдийнх нь эм, тариаг болгох гээд хичээсэн... Хохирлын баримт хавтаст хэрэгт үдэгдсэн гэсэн учраас өмнөх шүүх хуралдаан дээр нэмэлтээр хохирлын баримт гаргаж өгсөн. Дээрээс нь хуулийнх нь орчин бүрдсэн учраас сэтгэл санааныхаа хохирлыг нэхэмжилнэ. Ямар ч байсан үнэн зөв сайн шийдээд өгөөрэй гэж шүүгчээсээ гуйх байна. ...Хохирлоо “” ХХК-иас нэхэмжилнэ.” гэв.