ИРГЭД: "1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараахгүй байсан ч эрх мэдэлтнүүд нь хуваагаад идчих учраас өгөх нь зөв" гэж байв /ВИДЕО/

ИРГЭД: "1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараахгүй байсан ч эрх мэдэлтнүүд нь хуваагаад идчих учраас өгөх нь зөв" гэж байв /ВИДЕО/

УИХ-н чуулганы ээлжит бус хуралдаан ирэх сарын 5-ны өдөр болж, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашгаас Монголын 3.3 сая иргэнд ногдол ашгийг өгөх боломжийг нээх талаар хэлэлцэнэ. Учир нь одоогийн хуулийн зохицуулалтаар 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөх боломжгүй байгаа юм. Харин Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Монголын 3.3 сая иргэнд ногдол ашиг тараах боломж нээгдэнэ. Ээлжит бус чуулганаас өмнө буюу өнөөдөр /2023.01.31/-ийн Засгийн газрын хуралдаанаар мөн ногдол ашиг тараахтай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2022 оны ногдол ашиг 119 мянган төгрөгийг цагаан сараас өмнө олгоно. Харин иргэд энэ асуудалд хоёр байр суурийг илэрхийлж байгаа юм. Нэг хэсэг нь хувьцаа угаас иргэдийн өмч учраас ногдол ашиг тараах нь зөв гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь иргэн бүрт бэлэн мөнгө тарааж, зах зээлийн үнийн хөөрөгдөл үүсгэж байхн оронд улс оронд хэрэгтэй зүйлд, хөрөнгө оруулалтанд зарцуулах, үйлдвэр барих ажилд анхаарахыг хүсэж байгаа. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн Газрын хурлаар хэлэлцэж шийдвэрлэх юм. Тэгвэл бид Засгийн газрын хурлаас урьтаж иргэдийн олонх ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

ВИДЕО:

Иргэд, "Хувьцаа угаас иргэдийн өмч. Олон жил хувьцааны ногдол ашиг тараагаагүй. Одоо бид хүртэх эрхтэй. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд хувьцааны мөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулж, улс орондоо ашигтай хөрөнгө оруулалт хийхийг олон жил хүлээсэн ч юу ч өөрчлөгдөөгүй. Бид одоо хувьцааны ногдол ашгаа авахгүй үлдээсэн ч юу ч өөрлөгдөхгүй. Эрх мэдэлтнүүд нь хувааж идээд л дуусна. Иймд иргэн бүрд өгөх нь зөв. Гэхдээ 119 мянган төгрөг дэндүү бага мөнгөн дүн. Үүгээр юу ч авч хүрэхгүй" гэлээ.

Харин үүний эсрэг байр суурьтай байгаа иргэд, "1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тарааж байхаар улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалт хийхийг хүсэж байгаа. Өнөөгийн зах зээлд 119 мянган төгрөгөөр юу ч авч хүрэхгүй. Иргэдийн амьдралд нэмэр тус болохоос илүүтэй зах зээлд үнийн хөөрөгдөл үүсгэж харин ч эсрэгээрээ садаа болж мэдэх юм. Үүнийг бөөнд нь байлгаж байгаад үйлдвэр ч юм уу баривал ажлын байр бий болж, иргэдэд илүү хэрэгтэй байна байх. Угаасаа хувьцааны ногдол ашиг тараах гэж байгааг сонгуулийн шоу хийж байна л гэж харж байгаа. Бид энэ мөнгөтэй ч амьдарна. Мөнгөгүй ч амьдарна" гэлээ.