Малчдад бэлчээрийг 15 жилийн хугацаатай гэрээтээр ашиглуулж, жилд 59 тэрбум төгрөг олох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал санаачилжээ

Малчдад бэлчээрийг 15 жилийн хугацаатай гэрээтээр ашиглуулж, жилд 59 тэрбум төгрөг олох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал санаачилжээ

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Бэлчээрийг малчдад гэрээтээр ашиглуулдаг” болох хуулийн төслийг боловсруулж, d.parliament.mn хаягт байршуулан олон нийтийн саналыг авч эхэлсэн байна. Хуулийн төслийн албаны ёсны нэр нь “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль”.

-20 МАЛЧИН НИЙЛЖ ХОРШОО БАЙГУУЛЖ, СУМЫН ЗАСАГ ДАРГАТАЙГАА ГЭРЭЭ БАЙГУУЛАН ГАЗРЫГ АШИГЛАНА-

Тус хуулийн төсөлд, зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усны, бэлчээрийг хамтран ашигладаг 20-оос доошгүй малчин өрх нийлж холбоо байгуулан сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бэлчээрийг хуваарьтайгаар ашиглана гэж тусгажээ. Бэлчээрийн газрын тухай ойлголт нь газрын хуулиар зохицуулах харилцаанд хамаарах тул “гэрээт бэлчээрийн газар” гэсэн нэр томьёог уг төсөлтэй хамт боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Ж.Батжаргал үзсэн байна.

Гэрээгээр ашиглуулах бэлчээрийн зааг, хэмжээ, байршлыг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор, уг шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга анхдагч холбоотой бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахаар төсөлд тусгалжээ.

Гэрээний бүртгэл болон гэрээгээр ашиглуулсан бэлчээрийн талаарх мэдээллийг газрын нэгдмэл сангийн тайланд тусгах ажлыг сумын газрын даамал хариуцахаар зохицуулсан байна. Бэлчээрийн даацыг сумын газрын даамал, сумын бэлчээр хариуцсан мэргэжилтэнтэй хамтран жил бүр тогтоож, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих нь. Уг гэрээг 15 хүртэл жилийн хугацаатай байгуулах бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг харгалзан анх гэрээ байгуулсан хугацаагаар сунгаж болох аж. Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын улмаас өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт нүүдэллэх шаардлага гарвал тухайн шатны Засаг дарга нар уг асуудлыг бэлчээрийн даацад нийцүүлэн хэлэлцэн шийдвэрлэх, анхдагч холбооны гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт бусдын мал оруулах асуудлыг гэрээний  нөхцлөөр мөн шийднэ гэж төсөлд тусгасан байна.

-ХУУЛИЙГ БАТЛАВАЛ  7 САРЫН 1-НЫ ӨДРӨӨС МӨРДӨНӨ-

  Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар тухайн сумын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгой тутамд 0-2000 төгрөгийн албан татвар ногдуулах эрх хэмжээг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон байдаг. Татварын хэмжээг тогтоохдоо харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг хуульд заагаагүй байсан тул бэлчээрийг хуваарьтай ашиглах, байгалийн жамаар нөхөн сэргэх нөхцөл боломжоор хангах зорилгоор малын тоог бууруулах шаардлагын үүднээс уг татварын хэмжээг тогтоохдоо бэлчээрийн даацыг харгалзан хуульд заасан дээрх хязгаарт багтаан шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. Мөн хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.    Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад "Нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд малчин өрхийн холбоогоор дамжуулан бэлчээрийн газрыг гэрээгээр ашиглах гэрээ байгуулахад 17,527,362,096.0 төгрөгийн, гишүүний хураамжтай холбоотойгоор 41,988,600,000.0 төгрөгийн, нийт 59,515,962,096.0 буюу 59.5 тэрбум төгрөг иргэнээс гарахаар байна" гэж тооцсон байна.