БАРИМТ: МИАТ-ийн зорчигчдын хоолыг 15 орчим жил нийлүүлсэн "Нүхт тур"-ын гэрээг тендергүй сунгадаг байсан Ш.Гантулга өдгөө "Нүхт тур"-ыг төлөөлж МИАТ-ийн эсрэг заргалдаж эхэлжээ

БАРИМТ: МИАТ-ийн зорчигчдын хоолыг 15 орчим жил нийлүүлсэн "Нүхт тур"-ын гэрээг тендергүй сунгадаг байсан Ш.Гантулга өдгөө "Нүхт тур"-ыг төлөөлж МИАТ-ийн эсрэг заргалдаж эхэлжээ

МИАТ-ийн зорчигчдын хоолыг 15 орчим жил нийлүүлэхдээ “өт, үс, боолт гарсан” гэх асуудалд холбогдож байсан “Нүхт тур” ХХК 2023 онд зарласан "Зорчигчдын хоол /Катеринг/"-ыг үйлдвэрлэх тендерт ялагдаж өдгөө шүүх, АТГ-т хандаад байгаа бөгөөд тус компанийг МИАТ-ийн Коммер эрхэлсэн дэд захирал асан Ш.Гантулга төлөөлж яваа гэдгийг бид өмнөх нийтлэлдээ мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл бид энэ удаад "Нүхт тур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах болсон, МИАТ-ийн Коммер эрхэлсэн дэд захирал асан Ш.Гантулга гэж хэн бэ, тэрбээр МИАТ-д ажиллаж байхдаа "Нүхт тур"-т давуу байдал олгож байсан байж болзошгүй баримтыг хүргэж байна.

-Ш.ГАНТУЛГА НЬ КОВИДЫН ҮЕД АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ, БИЗНЕС АНГИЛЛЫН СУУДАЛ ГАРГАЖ ӨГСӨН НОЦТОЙ ЗӨРЧИЛ ГАРГАЖ, АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЖЭЭ-

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайханы 2015 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар Ш.Гантулгыг МИАТ-ийн Хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар түр томилж байжээ. Улмаар 2015 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн тушаалаар дээрх албан тушаалд жинхэлсэн байна. Харин түүнийг МИАТ-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр Коммер эрхэлсэн дэд захирлаар томилсон байна. Тэрбээр ийнхүү дээрх албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалын давуу байдлаа ашиглан компанийн үйл ажиллагаанд хохирол учруулахуйц үүрэг даалгавар өгч, хойд эгнээнд тусгаарлагдан суух ёстой сэжигтэй зорчигчийг бүртгэлийн үеэр бизнес ангиллын суудал хадгалуулж, уг суудалд суулгасан ноцтой зөрчил гаргасан байна. Тиймээс МИАТ-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийн тушаалаар Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулгыг 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

-"НҮХТ ТУР"-ЫН МИАТ-ТЭЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООГ Ш.ГАНТУЛГА АХАЛЖ БАЙВ-

Тэгвэл Ш.Гантулга нь МИАТ компанид ажиллаж байх хугацаандаа тус компанийг төлөөлж, “Нүхт тур” ХХК-тай тендергүйгээр катерингийн гэрээ байгуулах, хугацаа нь дууссан гэрээг сунгах, тус компанийн үйлчилгээндээ ашиглах катерингийн тусгай зориулалтын автомашин худалдан авах зэрэг ажлыг хариуцдаг байсан байгаа юм. Тодруулбал, МИАТ компани Улаанбаатар-Бангкок гэсэн шинэ чиглэлтэй болох үед тус чиглэлийн зорчигчийн хоолны үнийг ямар нэгэн сонгон шалгаруулалт, тендергүйгээр анх 2009 онд байгуулсан гэрээний хавсралтаар нэмж оруулах албан бичигт МИАТ-ийг төлөөлж Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулга, "Нүхт тур" ХХК-ний дэд захирал Н.Хандсүрэн нар гарын үсэг зурж байжээ. 

Ш.Гантулгын ахалж байсан Үнэлгээний хороог байгуулах тухай албан бичиг

Мөн 2017 онд “Нүхт тур” ХХК-ийн “катерингийн гэрээ”-г сунгалтгүйгээр дуусгах ёстой байсан ч тэд мөн гарын үсэг зурж, шинэ гэрээ байгуулсан байна. Үүгээр ч зогсохгүй Ш.Гантулга нь МИАТ-ийн Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа буюу 2017 онд “Нүхт тур”-ын үйлчилгээнд ашиглах катерингийн тусгай зориулалтын автомашиныг 640 сая төгрөгөөр худалдан авах Үнэлгээний хороог ахалж, худалдан авах ажиллагааг гардан зохион байгуулсан байдаг. Түүнчлэн Ш.Гантулга нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа Хөшигийн хөндий дахь шинэ нисэхийн катерингийн үйлчилгээ үзүүлэх Үнэлгээний хороог мөн ахалж ажиллаж байжээ. Хачирхалтай тухайн тендер нь амжилттай болоогүй байгаа юм. Тиймээс ч эдгээрээс шалтгаалан "Нүхт тур"-ын гэрээг дахин сунгаж байсан гэх мэдээлэл байна. 

Катерингийн тусгай зориулалтын автомашин худалдан авсан тухай баримт

Товчхондоо,  Ш.Гантулга нь энэ мэтээр МИАТ-д ажиллаж байхдаа магадгүй Н.Хандсүрэнгийн "ар"-ыг даадаг байсан байж болзошгүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ш.Гантулга нь УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэх бөгөөд ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөрийн ойрын хүн гэх мэдээлэл байна. 

Хачирхалтай нь, 2020 онд “МИАТ”-ийн Коммер эрхэлсэн дэд захирлаас чөлөөлөгдсөн Ш.Гантулга нь өдгөө “Нүхт тур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Хандсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болж, МИАТ-ийн эсрэг хууль хяналтын байгууллагаар өргөдөл, гомдол өгөөд явж байгаа аж. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийцэх үү гэдэг асуултыг энд хариултгүй үлдээе. 

Ш.Гантулга "Нүхт тур"-ын гэрээг сунгахыг зөвшөөрч байжээ

-Ш.ГАНТУЛГЫН ХӨРӨНГӨ ХОЁРХОН ЖИЛИЙН ДОТОР 400 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ-

“Нүхт тур” ХХК-ийн төлөөлөгч болсон Ш.Гантулга гэгч нь МИАТ-д ажиллаж байх хоёр жилийн хугацаанд хөрөнгө орлого нь 400 сая төгрөгөөр нэмэгдсэн талаараа АТГ-т мэдүүлдэг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Тодруулбал, Шагжсүрэнгийн Гантулга нь 2017 онд МИАТ-ийн дэд захирлын албан тушаалыг хашиж байхдаа хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ нийт орлогоо 48.3 сая, мөн 179 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй хэмээн мэдүүлж байжээ. Гэтэл үүнээс хоёр жилийн дараа буюу 2019 оны ХОМ-тээ нийт орлогоо 444.5 сая, 246 саяын тээврийн хэрэгсэлтэй гэжээ. Ийнхүү хөрөнгө орлого нь хоёрхон жилийн дотор 400 сая төгрөгөөр нэмэгдсэн тэрбээр “Байгал тур” гэх компанитай бөгөөд тухайн компанийг нь эхнэр Д.Баасантуяа нь удирддаг байна.

Үргэлжлэл бий.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө