Г.Батбаяр: Би морины тухай туулж байхдаа хурдалж байгаа морийг төсөөлж, "шатаж" дуулдаг /ВИДЕО/

Г.Батбаяр: Би морины тухай туулж байхдаа хурдалж байгаа морийг төсөөлж, "шатаж" дуулдаг /ВИДЕО/

Ард олноо "морины" хэмээн алдаршсан, МУГЖ Гэнэнгийн Батбаярыг танихгүй, уран бүтээлийг нь сонсож, огшиж байгаагүй хүн ховор биз ээ. "Монголчуудынхаа хайр хүндэтгэлд үргэлж талархаж, уран бүтээлээ "шатаж" туурвидаг" хэмээн өгүүлэх Г.Батбаярыг бид Сар шинийн баярын дугаартаа онцолж байна. 

ВИДЕО:

-Сайн байна уу та. Сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан. Сайхан өвөлжиж байна уу та бүхэн. 

-Таныг танихгүй, таныг уран бүтээлийг сонсож байгаагүй хүн ховор биз ээ. Хоёулаа таны урлагийн салбарт хөл тавьсан түүхээс яриагаа эхлүүлье?

-Би 1960 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Наймдугаар ангиа төгсөөд гадаадад ТМС төгсөж ирээд цэргийн албанд явж, тэндээсээ шууд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад дуучнаар орж байлаа. Би ер нь багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Пионерын сурагчдын урлагийн үзлэгт орж алт, мөнгөн медаль хүртэж явсан. 

-Таны өвөөг уртын дууч хүн байсан гэж сонсож байсан? 

-Миний ээжийн аавыг н.Жангилаа гээд Ховд аймгийн Цэцэг сумын хүн байсан. Уртын дуу их сайхан дуулдаг. Өвөөг айлд орж ирээд уртын дуу дуулахад баруун хаяанд нь хөмрөөд тавьсан ширмэн тогоо ягхий гэж дуугардаг байсан гэлцдэг. Мөн уртын дуу дуулаад ирж явахад нь "шимийн архи байгаа юу, н.Жангилаа гуай ирж байна" гэхэд хоёр, гурван гүвээний цаанаас 10, 20 минутын дараа гэрт нь буудаг. Тийм л сайхан дуулдаг хүн байсан гэдэг.

-Өвөө нь танд уртын дууны тухай ярьж, дуулах авьяасаа зааж өгч байсан болов уу?

-Үгүй дээ. Би багадаа өвөөгөөсөө хол өссөн. Өвөө аав маань нутагтаа амьдардаг, харин би Увс аймгийн Цэцэг суманд өссөн. 

МУГЖ Г.Батбаяр

-Тэгэхээр та аргагүй л удам дамжсан, заяагдмал дуучин хүн байх нь ээ. Аав, ээж нь ер нь дуулдаг, урлагийн авьяастай хүмүүс байсан болов уу?

-Би бас тэгж боддог. Би чинь ямар нэгэн урлагийн сургууль төгсөөгүй хүн шүү дээ. Гэхдээ надад дуулах эрдмийг "ган хоолой" Ц.Пүрэвдорж багш маань зааж өгч байсан юм. Миний аав багш, ээж минь цэцэглэгийн багш, тун сайхан дуулдаг хүн байсан. 

-Та цэргийн алба хаана хаасан бэ. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач? 

-Би Баян-Өлгий аймгийн Аралт улаан заставд цэргийн алба хаасан. Би зочид буудлын тогооч цэрэг байсан. Нэг удаа аймгийн төвөөс шалгалтаар ирэх хүмүүсийн хоолыг хийгээд тавьсан байхад цэргүүд өнөөх хоолыг нь идчихээд. Шалгалтаар ирэх хүмүүсийн хоол байхгүй. Тэгээд сандраад нэг офицерынхоо байшингаас мах авчраад хоол хийтэл давстай борц /каз/ байсныг нь мэдэхгүй хоол хийгээд загнуулж байж билээ. 

-Таныг цэргийн алба хааж байхдаа Хязгаарын дуу бүжгийн чуулгын 50 жилийн ойн баярын тоглолт дээр дуулаад тэндээ улирч байсан гэдэг юм билээ. Та тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач? 

-Би нэг жил цэргийн алба хаагаад Хязгаарын цэргийн ансанбалд дуучнаар ажилд орсон байдаг. Намайг цэргийн алба хааж байхад Хязгаарын дуу бүжгийн чуулгын 50 жилийн ойн баярын арга хэмжээ болж, би уг арга хэмжээн дээр дуулаад үнэлэгдсэн гэх үү дээ. Тэгээд Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад очиж, уран бүтээлээ дуулж байгаад гавьяаныхаа амралтад гарсан даа. 

МУГЖ Г.Батбаяр

-Та ер нь яагаад морины тухай дуу дуулах болсон юм бэ?

-Хязгаарын цэргийн ансанбал байхдаа "Гал шарын унага" дуугаа анх дуулж, энэ нь ард түмэнд хүрч, улмаар урам зориг авч морины тухай дуу дуулах болсон доо. Гэхдээ миний анхны уран бүтээл "Цэнхэр хангайн нутаг". Дараагийн уран бүтээл маань Цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжимчин н.Тэрбиш гуайн "Гал шарын унага" гэдэг уран бүтээл. Харин гурав дахь уран бүтээл маань "Хардэл бэйсийн унага". Энэ дуугаа авах гэж Ж.Саруулбуян гуайн араас нэлээдгүй хөөцөлдөж байж авч байлаа. 

-Морины тухай дуулж байгаа таныг хараад үнэхээр их эрч хүч, энерги зарцуулж байх шиг санагддаг. Та ер нь яг л дуулж байгаа шигээ зан араншинтай хүн үү? 

-Ер нь тэгж хэлж болох байх аа. Морины уран бүтээл чинь ер нь их хөнгөн шингэн, эрч хүчтэй байдаг шүү дээ. Ер нь морины тухай дууны яруу найраг, ая, дуучин гээд бүгд хурц байж л хүнд илүү их хүрч, сайн уран бүтээл төрдөг гэж боддог.  

-Та ер нь хурдны морь унаж, уяж байсан болов уу?

-Бага байхдаа нэг удаа хүний морь унаж байсан. Гэтэл тэр үедээ унаж, хоцроод түүнээс хойш айгаад ахиж хурдны морь унаагүй. Харин хурдны морь уяж үзэхсэн гэсэн бодол байдаг шүү. 

-Та гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Охин Б.Сонгууль нь мөн урлагийн хүн байхаа. Охиндоо яагаад ийм нэр хайрласан юм бол. Их сонин, өвөрмөц нэр шиг санагддаг шүү?

-Миний хань Увс аймгийн Хяргас сумын сумын хүн. Би гурван охинтой. Том охиныг маань Б.Сонгууль гэдэг. Хадам аав минь н.Мөнхөө гээд багш хүн байсан. Охин маань сонгуулийн өдөр төрсөн болохоор өвөө аав нь Сонгууль гэдэг нэрийг хайрласан юм. Дунд охин Б.Солонгоо маань бүжгийн багшийн мэргэжилтэй. Харин бага Б.Саруул Англи хэлний багш. Тэд маань тус тусынхаа ажлыг хийгээд сайхан амьдарч байна даа. 

-Гэр бүлээрээ урлагийн хүмүүс байх нь ээ. Нээрээ та бүхэн гэр бүлийн тоглолт хийж байсан санагдаж байна?

-Тийм ээ. Охин, хүргэн хоёртойгоо "Удам дамжсан аялгуу" гэсэн хамтарсан уран бүтээл хийж байсан.  

-Таны зээ нараас урлагийн авьяастай хүүхэд байгаа болов уу. Тэднийгээ дуучин болгох гэсэн хүсэл байдаг л байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Ямар ч байсан дуучин төрөх байх л гэж боддог. Одоохондоо зээ нар маань жаахан байна. 

-Сүүлийн үед залуу уран бүтээлчид морины тухай дууг цөөнгүй дуулах болжээ. Гэхдээ наадмыг, морины тухай дууг тангүйгээр төсөөлөхийн аргагүй л дээ. Таны хувьд гарын шавь хэр олонтой вэ?

-Миний хувьд өөрийнхөө мэдэж чадахыг уран бүтээлчдэдээ зааж сургаж л явдаг. Өвөрмонголоос 10 хүн бидэнд дуулах эрдмээсээ зааж өгөөч гээд шавь орж байсан. Мөн Монголд 20 гаруй уран бүтээл намайг багшаа гэж хүндэлж явдаг юм. Түүнд нь маш их баярлаж явдаг даа. 

МУГЖ Г.Батбаяр

-Бэлэгийн морины шүдийг үздэггүй ээ гэдэг. Гэхдээ танд хэдэн тооны адуу бэлгэд ирж байв?

-Ард иргэдийнхээ надад өгч байсан морьдыг бол цуглуулж, авч байгаагүй ээ. Би өөрөө аваад маллаж, уяж чадахгүй болохоор тэр буянгуудыг уяан дээрээ үүрсэж байг гээд авч байгаагүй. 

-Танд бэлгэд ирж байсан хурдан буянуудаас айраг, түрүү авч байсан морьд байдаг болов уу?

-Ээжийн минь төрсөн нутаг болох Ховд аймгийн Цэцэг суманд нутгийн нэг ах надад нэг хөх морь бэлэглэж байсан юм. Тэр хурдан буяныг ах дүү нар маань уяад миний нэр дээр уралдуулж, айрагдаж байсан. 

-Сар шинийн баярын өдрүүд тохиож байна шүү дээ. Та хүүхэд насныхаа үеийн Сар шинийн баярын түүхээсээ хуваалцаач? 

-Намайг хүүхэд байхад Сар шинийн баяр их өргөн дэлгэр болдог байсан. Сар шинийн баяраар чихэр их цуглуулдаг байлаа. Хүүдий үүрээд түүндээ айлын өгсөн чихэр, ёотон, нэг төгрөг зэргээ хийгээд л айл айл хэсдэг байсан даа. 18 нас хүрээд ичээд айл хэсэхээ больсон. 

-Та ойрын үед ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

-Ойрын үедээ кино концерт хийх гэсэн бодолтой л явж байна. Манай хүргэн хүү студид ажилладаг юм. Тэр хүү маань туслаад түмэн олондоо хүрсэн дуунуудаараа кино концерт хийнэ гэсэн бодолтой л явж байна даа ах нь.

-Таныг дуу дуулахаас гадна аялгуу бичдэг гэж сонсож байсан. Энэ талаараа яриач?

-Би хоёр уран бүтээлийн аялгууг бичсэн. Нэг нь зохиолын дууны, нөгөөх нь "Нутгаа чимсэн хүлэг" нэртэй нутгаа зориулж бичсэн дууны аялгууг бичиж, өөрөө дуулсан. 

-Уучлаарай ийм сэдэв хөндөж байгаад. Гэхдээ тантай уулзаж байгаагийнх асуухгүй өнгөрч чадахгүй нь ээ. Зам тээврийн осолд орж, хүнд гэмтсэн тэр он жилүүд үнэхээр хүнд байсан байх даа. Энэ нь ч таныг урлагийн салбар дахь нэр хүндэд нь багагүй нөлөөлсөн болов уу гэж хардаг юм?  

-Тэгсэн байхаа. Гэхдээ би осолд орж, хүнд гэмтсэн ч Монголынхоо ард түмний хүч, надад өгч байсан урам зоригоор хоёр таягаа тулаад уран бүтээлээ хийж явсан. Тиймээс ч би Монголынхоо ард түмэнд үнэхээр их баярлаж, талархаж явдаг юм. 

-Танд хэдэн онд гавьяат цол олголоо?

-2006 онд надад Монгол Улсын гавьяат гэх эрхэм цолыг олгосон. 

-2006 онд гэхээр нэлээд олон жилийн өмнө гавьяат болжээ. Одоо магадгүй битүүхэндээ Монгол Улсын Ардын жүжигчин болохсон гэсэн итгэл найдвар, горьдлого тээж байдаг болов уу?

-Тэрийг бол миний ард түмэн мэднэ. Аливаа гавьяа шагналыг ард түмэн өгдөг шүү дээ. Гэхдээ болох байхаа л гэсэн горьдлого байдаг нь үнэн. 

МУГЖ Г.Батбаяр