Жирэмсэн эхнэрийнхээ хамт төөрч, сураггүй болоод байсан М.Даваабаяр: Сүлжээтэй газар олохоор 10 гаруй км явган явсан. Биднийг хүүхдийн минь заяа түшсэн байх /ВИДЕО/

Жирэмсэн эхнэрийнхээ хамт төөрч, сураггүй болоод байсан М.Даваабаяр: Сүлжээтэй газар олохоор 10 гаруй км явган явсан. Биднийг хүүхдийн минь заяа түшсэн байх /ВИДЕО/

Дундговь аймгийн Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын чиглэлд жирэмсэн эхнэртэйгээ зорчиж яваад сураггүй алга болсон иргэн "Цасанд сууж, эзэнгүй айлд хоноод 72 цагийн дараа сүлжээтэй газар ирсэн" гэдгээ онцгой байдлын газарт мэдээлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн иргэд ямар нөхцөл байдалд байж, хэрхэн сүлжээтэй газарт ирж, онцгой байдлын албанд мэдээлэл хүргэсэн талаар бид Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэн Б.Даваабаяртай ярилцлаа. 

ВИДЕО: 

-Таныг бие давхар эхнэрийн хамт төөрч, сураггүй алга болсон талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж, бас олон хүн сэтгэл чилээж байлаа. Эрүүл саруул байгаад нь талархал илэрхийлье. Хоёрдугаар сарын 13-ны өдөр яг юу болсон талаар эхлээд бидэнд ярьж өгөөч?

-Баярлалаа. Би хоёрдугаар сарын 13-ны өдөр ээлжийн амралтаа аваад Дундговь аймгийн Баянжаргалан суманд байгаа аав, ээж дээрээ очиж золгох гээд Дундговь аймгийн төвөөс гарсан юм. Замаараа Гурвансайхан сумаас машиндаа шатахуун хийгээд хөдлөхдөө замаа андуураад Их газрын чулуу руу явчихсан байсан. Тэндээсээ буцаж Баянжаргалан сум руу явах гэж байгаад цасанд суучихсан. Цаснаас гарах гэж оролдож байтал машины урд хоёр дугуй маажихаа больж, машинд бага зэргийн эвдрэл гарсан. Тэр оройдоо хэсэг цасаа ухаж байгаад машиндаа хоносон.

-Машиндаа хонох үед нь их хүйтэн байсан уу. Машин нь асаж байсан болов уу?

-Машин хөдөлж болохгүй байснаас асаж байсан. Эхний өдөр бензин хангалттай байсан учраас машинаа асаалттай хоносон. 

-Тэгээд юу болсон бол?

-Маргааш өглөө босоод айл бараадъя гэж бодсон боловч айл ерөөсөө харагдаагүй. Тэгэхээр нь эхнэрээ машиндаа орхиод 10 гаруй км алхаад Их газрын чулуу руу очсон. Өндөр газарт гарвал утсанд сүлжээ орж магадгүй гэж бодоод гарсан. Гэтэл сүлжээ байгаагүй. Харин тэнд нэг айл байсан. Очсон хүн байгаагүй болохоор нь гаднаас нь машиндаа ивэх мод аваад буцаад машин руугаа явсан. Очоод машинаа гаргах гэсэн ч чадаагүй. Тиймээс эхнэрээ дагуулаад ахиад 10 гаруй км алхаад нөгөө эзгүй айлдаа очсон. Тэгээд тэр оройдоо гал түлээд гэрт нь хоносон.

-Тухайн үед айлын бараа хараад их л баярласан байх даа. Арван км чинь бас нэлээн хол зай шүү?

-Харин тийм ээ. Гэгээ тасрахаас өмнө тэр айлыг олж хараад очсондоо баярласан. 10 км замын явган туулна гэдэг мэдээж амаргүй байсан. Эхнэр маань л их ядарсан даа.

-Тухайн айл нь цоожтой байсан уу. Айлынх нь хүмүүс та хоёрыг байх хугацаанд ирээгүй юу?

-Сүүлд сураг сонсож байхад тухайн айлд ганц биеэрээ амьдардаг настай хүн амьдардаг байсан гэсэн. Сар шинэ болох гээд хүүхдүүдийнх рүүгээ явсан байсан гэж сонссон. Тэгээд гэрээ гаднаас нь уяад явсан байхад нь бид очиж таарсан юм билээ. 

-Тухайн өдөр цаг агаар хэр байсан бэ?

-Азаар цаг агаар тогтуун, дулаахан байсан.

-Та хоёр сураггүй алга болоод нэлээд олон цагийн дараа сүлжээтэй газар очсон байсан шүү дээ. Энэ талаар яриач?

-Бид хоёр сураггүй болоод хоёр хоносон учраас одоо эрлийн ажиллагаа эхэлсэн байх гэж бодоод өглөө нь дахин уул хадан дээгүүр гарч сүлжээ хайсан. Тэгсэн айлын нохой хуцаж байгаа чимээ сонсогдоод зүүн урагшаа ахин нэг км яваад өөр айл олсон. Тэр айл бас л эзэнгүй байсан. Өглөөний 10:00 цагийн үед очоод 11:00 өнгөртөл гэрт нь хүлээтэл гэрийн эзэгтэй бололтой хүн ирээд “эрлийн ажиллагаа эхэлсэн. Та хоёрыг хайж байгаа” гэдгийг дуулгасан. Тэгээд утсаар нь Гурвансайхан сумын онцгой комисс руу ярьж ямар байдалтай байгаа, юу болсон талаараа мэдээлэл өгсөн. Бид хоёрыг хайх эрлийн ажиллагаанд нийт дөрвөн сумын онцгой комисс, Дундговь аймгийн онцгой байдлын газар, цагдаагийн газар хамтарч ажилласан байсан. Олон хүмүүсийн хөдөлмөр, цаг хугацаа орсон ажил болсон  байсан.

-Эхнэр тань бас зургаан сартай жирэмсэн байсан гэсэн. Бие нь гайгүй юу, айж цочирдсон байх даа?

-Манай эхнэрийн зүүн хацар бага зэрэг хайрагдсан  байсан. бусдаар бол гайгүй. Хэвлийд байгаа ураг нь гайгүй байгаа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд эхнэр бид хоёр одоо эмнэлэгт үзүүлэх гээд явах гэж байна. Эхнэр маань зургаан сартай биш хоёр сартай жирэмсэн. Тэр хол газар алхаад нэлээн ядарсан.

-Та хоёрын хэд дэх хүүхэд вэ?

-Бидний анхны хүүхэд. Их газрын чулуу чинь анх ирж байгаа хүн төөрөхөөр газар. Хүүхдийн заяа түшнэ гэдэг л болсон байх гэж бодож байна. 

-Та хоёр анх төөрөөд цасанд суучихсан юм уу?

-Яг ч бас төөрөөгүй юм аа. Миний өөрийн буруугаас болж замын нөхцөл байдлаа тооцохгүй, замын хажуу талын ховил руу ороод цасанд суучихсан юм. 

-Одоо бодоход тухайн үед эрлийн багийнхантай таарах боломж байгаагүй байсан байна уу? 

-Эрлийн багийнхантай зөрөлдөөд л яваад байсан байна лээ. Машин маань хүний нүдэнд ил биш нэлээн далд газар суучихсан байсан. Тиймээс тухайн үеийнхээ нөхцөл байдлыг би тооцоолоод айл хайхаар явсан нь дээр гэж бодсон юм.

-Айл хайх гээд явсан гэсэн. Тэр үед таныг эхнэр тань яаж хүлээж авсан бэ?

-Тэр үед манай эхнэр цуг явна гээд нэлээн эсэргүүцэл үзүүлсэн. Тэгэхээр нь эхний удаадаа дулаахан машиндаа сууж бай гээд орхиод явсан.

-Та тэр газруудаар өмнө нь явж байсан уу?

-Өмнө нь тийм ч олон удаа явж байгаагүй. Дандаа урдуур нь явдаг. Гэхдээ баримжаа бол байсан. Харин айлууд нүүж суугаад явчихдаг болохоор хаана айл байгааг нь мэдэхгүй хүндрэлтэй байсан.

-Тухайн өдөр утасны цэнэг гайгүй байсан уу?

-Цэнэг бол байсан. Гэхдээ эрсдэлийг тооцоолоод утсаа унтраагаад, дулаахан газраа хийгээд яг сүлжээ орох бол уу гэсэн газраа л асааж байсан.

-Олон нийтийн сүлжээнд та хоёрыг олсон гэх мэдээлэл гарсны дараа хүмүүс их баярлаж, эерэг сэтгэгдэл их үлдээсэн байсан?

-Гэрийнхэн маань бид хоёрыг амьд мэнд байгаад их баярласан. Хүмүүс бас их эерэг сэтгэгдэл үлдээсэн байсан. Хүний амь нас юугаар ч үнэлшгүй үнэ цэнтэйг ойлгосон.

-Та өөрийн зүгээс иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөгөө хүргэвэл?

-Хөдөө, орон нутгийн замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг сайн хангаж, замын нөхцөл байдлаа сайн судлаад аян замдаа гарч байгаарай гэж хэлмээр байна. Бас Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан сумдын онцгой комисс, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд баярлалаа гэж хэлье. Мөн 72 цагийн турш бид хоёрт санаа зовсон ар гэрийнхэн, ах дүүс, монголчууддаа баярлалаа.