СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

Өнөөдөр Дундговийн нутаг, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөөдөр /2024.02.17/ ихэнх нутгаар, маргааш /2024.02.18/ нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа. 

Тодруулбал,  маргааш буюу энэ сарын 18-нд нутгийн зүүн хагаст, энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 20-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, энэ сарын 21-нд Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 20, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч, энэ сарын 18-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.

Хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -22...-27 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.