Өнөөдөр говийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч буйг анхаарууллаа

Өнөөдөр говийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч буйг анхаарууллаа

Өнөөдөр /2024.02.18/ Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Тодруулбал, өнөөдөр говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 19-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, энэ сарын 20-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 20, 21-нд Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 22-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -24...-29 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -16...-21 градус, бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.