СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малдаа яваад эргэж ирэхгүй удсан нөхрөө тосох гэж араас яваад сураггүй болсон малчин эмэгтэйн цогцсыг олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малдаа яваад эргэж ирэхгүй удсан нөхрөө тосох гэж араас яваад сураггүй болсон малчин эмэгтэйн цогцсыг олжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд цаг агаарын байдал гамшгийн хэмжээнд хүрч, авто замын хөдөлгөөнийг ч тодорхой хугацаанд хаалаа. Өнөөдөр ч ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарч байна. 

Тэгвэл өнгөрөгч баасан гараг /2024.02.16/-т малдаа явсан нөхрийнхөө араас гарсан эмэгтэй амиа алдсан хэрэг Ховд аймагт гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэх газар оршин суух малчин 53 настай М нь өнгөрөгч баасан гаргийн орой 20:00 орчимд малдаа яваад, ирэхгүй уджээ. Тиймээс эхнэр нь болох 50 настай О нөхрөө тосох гэж араас нь яваад сураггүй алга болсон ба эрлийнхэн М-ийг эсэн мэнд олж, харин. түүний эхнэр О-г амиа алдсан байхад олсон" гэсэн юм. 

Харин ОБЕГ-ын албан ёсны мэдээлэлд, "Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 380 км-т, сумын төвөөс урд зүгт 80 км-т/ 02.16-ны өдрийн 20:00 цагийн орчим малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 2 малчныг эрэн хайх ажиллагааг 02.18-ны өдрийн 00:00 цагт зохион байгуулж, 02.18-ны өдрийн 10:40 цагт нөхөр М/53 настай, эрэгтэй/-ыг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Түүний эхнэр О /50 настай, эмэгтэй/-ийн цогцсыг мөн өдрийн 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгсөн" гэж мэдээлжээ.