СУРВАЛЖИЛГА: ДОБУ системийг ашиглан гэрийнхээ цахилгаан хэрэгслийг хаанаас ч  хянах боломжтой

СУРВАЛЖИЛГА: ДОБУ системийг ашиглан гэрийнхээ цахилгаан хэрэгслийг хаанаас ч  хянах боломжтой

-МОНГОЛ ЗАЛУУС АНУ-Д УТАСГҮЙ ЦЭНЭГЛЭГЧ БҮТЭЭСЭН
ГЭХ МЭДЭЭ СОНССОН ТЭД БИД ЮМ-

Англичууд уурын хөдөлгүүр зохиож, Германчууд тив алгасах пуужин бүтээж, Америкчууд цөмийн бөмбөг хийж, Оросууд сансарт ниссэн бол монголчууд малаа хариулсаар. Энэ үгийг нэгэн их сургуулийн багшийн лекцнээс сонсох үеэр монгол залуус технологи бүтээж дэлхийн хөгжилтэй өрсөлдөх цагийг наашлуулахсан гэж бодож байв. Тэгвэл монгол залуус чимээгүй бас хичээнгүй хөдөлмөрлөж нэг хэсэг нь төрөлхийн гаргүй хүүхдүүдэд ухаалаг гар бүтээж өгч байхад нөгөө хэсэг нь ухаалаг автоматжуулсан системийг аль эрт хэрэглээнд нэвтрүүлчихжээ.

Эмнэлгийн үйлчилгээг бүхэлд нь цахимжуулж эхэлсэн нь ч байна. Энэ мэт шинэ технологи бүтээж буй залуус нэмэгдсээр байгаа нь бахархууштай.

Бид тэдний нэг болох “Добу Технологи” компанийн гэрийн ухаалаг автоматжуулсан системийг онцолж сурвалжиллаа.

“Добу технологи” компани нь утасгүй цэнэглэгч бүтээхээс анхны ажлаа эхлүүлж байсан бол одоо гэрийн ухаалаг автоматжуулалтын систем хийж, суурилуулах төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа юм.  

Бид “Добу Технологи” компанийн хамтран үүсгэгч Ч.Ганхөлөгтэй “Хурд” группын цэнгэлдэх хотхонд автоматжуулалтын төхөөрөмж суулгаж байх үеэр нь зорьж очин сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

-Бизнесийн санаагаа хэрхэн олсон талаар яриагаа эхлүүлье. Анх хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхлүүлж  байв?

-2008 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй энэ төрлийн импортын бараа оруулж эхэлсэн. Өөрсдийн гэсэн бүтээгдэхүүнтэй болж шинэ технологийг бий болгох мөрөөдлөө тээн хуримтлал үүсгэсээр 2013 онд хамгийн эхний утасгүй цэнэглэгчээ “өлгийдөн” авсан. Монгол залуус Америкт утасгүй цэнэглэгч бүтээлээ гэсэн мэдээ дуулсан бол тэр бидний бүтээл шүү дээ. Одоо үндсэн технологийг хоёр хүн хийж байна. Нэг нь техник хангамж, дизайн талаас нөгөө нь програм хангамж талаас хөгжүүлдэг.

-Анхны бүтээгдэхүүнээ яагаад Монголд биш АНУ-д гаргасан юм бэ?

-Тухайн үед энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн компаниуд дөнгөж “хөлд” орж байсан. Анхнаасаа гадаадад бизнес эхлүүлэх нь бидний нэг том зорилго байсан болохоор зоригтой алхам хийсэн юм. Анхных болохоор сэтгэл хөдлөлөөр хандаж туршлагагүйдсэн ч өөрийн стандарт бүхий  технологитой болох хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Бүтэлгүйтлээс илүү чухал зүйлийг ойлгосон гэх үү дээ.

Анхны санаа бүтэлгүйтсэний дараа тэд дэлхийн технологийн хөгжил хаашаа чиглэж байна, юуг хийвэл амжилттай ажиллаж чадах уу хэмээн зургаан сар орчим эрэл хайгуул, судалгаа хийсний үр дүнд гэрийн ухаалаг автоматжуулсан системийг бий болгох санаагаа олсон аж. Энэ талаар Ч.Ганхөлөг “APPLE, TESLA, Microsoft гэх мэт томоохон компаниудын тогтвортой удаан ажиллаж байгаа гол шалтгаан нь өөрийн гэсэн технологийг бий болгож чадсан юм. Тухайн үед бидэнд өөрсдийн технологи байгаагүй. Ингээд л зах зээлд тоглогч багатай бүтээгдэхүүн бол хиймэл оюун ухаанд суурилсан гэрийн ухаалаг автоматжуулсан систем гэдгийг олж харсан юм”.

-БИД ТЕХНОЛОГИО ӨӨРСДИЙН ГАРААР ХИЙЖ,
ТҮҮНДЭЭ ТААРСАН КОД БИЧИН, ОЛОН УЛСЫН НУУЦЛАЛЫН СТАНДАРТАД ТОХИРУУЛДАГ-

Гэрийн автоматжуулалтын систем нь чийдэн, хөшиг, гэрийн агаарын чанарын мэдрэгч, гэнэтийн аюулын мэдрэгчүүд зэрэг зүйлсийг сүлжээнд холбож, хэрэглэгчид хянах боломжийг олгож байгаа юм. Энгийнээр бол та ухаалаг гар утсаараа дамжуулан интернэтэд холбогдон хаанаас ч гэрийнхээ цахилгаан хэрэгслийг удирдах боломжтой гэсэн үг. Хэрэв та аль нэг цахилгаан хэрэгслээ унтраахаа мартсан бол ДОБУ систем таны өмнөөс тань унтраах юм. Ингэснээр цахилгаан хэрэглээг боломжит нөхцөлөөр хэмнэхээс гадна сар тутмын хэрэглээг хэрхэн хэмнэж болох талаар хэрэглэгчид мэдээллэдэг аж. Бусад энэ төрлийн системээс ялгарах онцлогийн талаар Ч.Ганхөлөг хэлэхдээ “Смарт систем дотроо хөгжүүлэлтээрээ бид Монголдоо тэргүүлж байгаа гэж хэлж болно. Бусад энэ төрлийн үйлчилгээ явуулдаг хүмүүс өөр, өөр үйлдвэрлэгчийн бүтээхүүн дээр ажиллаж код бичдэг учраас зарим нь хоорондоо таарахгүй, цогц байдлаар ажиллахгүй байх тохиолдол гардаг. Харин бид бүх технологио өөрсдийн гараар хийж, түүндээ таарсан код бичин, олон улсын нууцлалын стандартад тохируулдаг” гэлээ.

Улаанбаатар хотын нийт айл өрхийн 57% нь гэр хороололд амьдардаг. Хэрэв гэр хороололд ухаалаг хамгаалалтын систем байршуулбал хулгай, гал түймэр зэргээс хамгаалах боломж бүрдэж байгаа юм. Гэр хороололлын айл өрхүүдийг хамгаалалтын системжүүлэх боломжтой эсэх талаар асуухад “Бид нийгмийн хариуцлагын үүднээс хэд, хэдэн шийдэл боловсруулсан. Сүүлийн үед гэр хорооллын айл өрхүүдэд гал түймэр, хулгай, агаарын чанартай холбоотой асуудлууд гарч байна. Үүнийг манай системийн тусламжтай бууруулж болно. Хэрэв тухайн айлд гал гарсан бол шууд 101-рүү автоматаар залгагдах, Онцгой байдлын ажилтнуудад тус айл руу ямар замаар илүү хурдан очихыг мэдээлэх гэх мэт системийг бий болгож болно шүү дээ. Эсвэл гэрт тань хулгай орсон бол хулгайчийн зургийг цагдаад түргэн шуурхай илгээх гэх мэт шинэлэг шийдлүүдийг боловсруулж болно. Гол нь төсөв мөнгөний асуудал л тулгарч байна” гэсэн юм.

-Цаашид энэхүү системийг хэрхэн хөгжүүлэхийг зорьж байна вэ?

-Хиймэл оюун ухаан дээр суурилсан технологийг хөгжүүлэхээр л зорино доо. Гадны орны хяналтын систем хакердуулах эрсдэл их байдаг. Харин Добу таблет нь маш өндөр хүчин чадалтай процессор ашигладаг учраас тухайн хүний мэдээллийг цааш дамжуулж боловсруулалт хийх шаардлагагүйгээр СПУ дээрээ боловсруулалт хийдэг гэсэн үг. Ухаалаг гэдэг үг нь өөрөө гар утсан дээрээс гэрийнхээ зүйлсийг удирдах гэхээс илүү миний өмнөөс бодоод зөв үйлдлийг хийдэг байх юм шүү дээ. Тэгэхээр тухайн хүний зуршил дээр үндэслэн өглөө сэрүүлэг тавих, ус буцалгах, кофе чанах зэрэг үйлдлийг  систем хэрэглэгчийн өмнөөс зохицуулдаг гэсэн үг. Гэрийн халаалтаа ч мөн шийдэж хүнгүй үед халаалтаа унтраах, эзэнгүй өрөөний гэрэл асаалттай хонох, зурагт, комьпютер асаалттай хонох гэх мэт зүйлсийг зохицуулж болно гэсэн үг. Үүнийг л Монголдоо хөгжүүлэхийх зорьж байна.

-Компаниа яагаад Добу гэж нэрлэсэн юм бэ?

-Монголын нууц товчооны Добу мэргэнээс санаа авсан. Нэгд манай Монголын гэх утга санааг илэрхийлсэн, хоёрт гадаадын зах зээлд гарвал  хэрэглэгчдэд илүү хоногших үүднээс ингэж нэрлэсэн.

Тэрээр шинээр гарааны бизнес эрхлэхээр төлөвлөж буй залуустаа хандан “Шинэлэг санаа, санхүүгийн сахилга бат, тууштай байдал хамгийн чухал зүйл. Нойртой нойргүй, хоолтой хоолгүй, автобусны мөнгөгүй алхах үе ч бидэнд их тохиож байсан. Энэ бүхнийг давж гарах нь хамгаас чухал” хэмээн хариусан юм.

Б.САРАНГЭРЭЛ