“Дэлхийн мисс”-д оролцох Б.Болор өнөөдөр Энэтхэг улсыг зорилоо

“Дэлхийн мисс”-д оролцох Б.Болор өнөөдөр Энэтхэг улсыг зорилоо

Дэлхийн  гоо үзэсгэлэнгийн олимп “Miss World” тэмцээн 71 дэх жилдээ Энэтхэг улсын Нью Дели хотноо албан ёсоор 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр эхэлнэ.

Дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй оролцдог тус  тэмцээнд "Монголын сайхан бүсгүй" тэмцээний Алтан эрдэнийн титэмт, "Miss world Mongolia 2023" тэмцээний Үндэсний ялагч Б.Болор эх орноо төлөөлөн оролцохоор болсон байна. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчнээр ажилладаг бөгөөд 2018 онд Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторийг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм. 

“Miss World” тэмцээн нь дэлхий дахины энх тайван, эв нэгдлийг сурталчлах, хүмүүнлэгийн далайцтай том ажлуудыг хийх, мөн улс үндэстнүүдийн соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг онцлогтой тэмцээн юм. Үндэсний ялагч Б.Болор нь 21 аймгийн 100 гаруй сумын өсвөр насны охид, хөвгүүдэд чиглэсэн “Нандин” төслийг хэрэгжүүлж эхлээд хоёр жил болж байна. Энэхүү төслийн гол зорилго нь “Охид, эмэгтэйчүүдийн хувьд ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш шүү” гэдгийг уриалах юм. Мөн агуулгаар дамжуулан дунд сургуулийн сурагчдад ёс суртахуун, эрүүл мэндийн боловсрол олгож, зөв монгол иргэн төлөвшүүлэхийг зорьж байна. “Дэлхийн мисс” тэмцээн 20 хоног үргэлжилж, эцсийн шатны шалгаруулалт 2024 оны гуравдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдах юм байна.