ШУУРХАЙ: Бохирын худагт дахин боловсруулсан хаягдал масло асгаж, Улаанбаатарт химийн үнэр тархаасан компанид тав хүртэл жилийн ял төлөвлөжээ

ШУУРХАЙ: Бохирын худагт дахин боловсруулсан хаягдал масло асгаж, Улаанбаатарт химийн үнэр тархаасан компанид тав хүртэл жилийн ял төлөвлөжээ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 12-13 /2023.10.12-13/-нд шилжих шөнө Улаанбаатар хотод хаанаас, юу нь үл мэдэгдэх химийн үнэр тархаж, олны анхаарлыг татсан.

Улмаар цагдаа болон мэргэжлийн байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай хаягдал тос, маслыгдахин боловруулж, дизель түлш гарган авах үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролиум” ХХК-ийн жолооч С.Лхагвабаяр гэгч нь үйлдвэрээсээ 10 тонн дахин боловсруулсан хаягдал масло ачиж, Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах бохирын худагт асгасан болох нь тогтоогдсон байдаг. 

Тэгвэл тус хэргийг Экологийн цагдаагийн алба шалгаж, дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас “Э” ХХК нь үйлдвэрийн явцад түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлыг 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн байна. 

"Эрүүгийн тухай" хуулийн 20.11 дүгээр зүйл. Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях 1-д "Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан; хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. Тус компанитай холбоотой бидний бэлтгэсэн өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.