СОНГУУЛЬ 2020: Б.Наранхүү нэрээ татаж, М.Билэгт бие даах уу

СОНГУУЛЬ 2020: Б.Наранхүү нэрээ татаж, М.Билэгт бие даах уу

2020 оны УИХ-ын сонгууль болоход зургаахан сарын хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар зохицуулагдаж, шинэ содон нэр дэвшигчидтэй байх нь одооноос тодорхой болж буй.

www.Isee.mn мэдээллийн сайт 2020 оны сонгуультай холбоотой мэдээлэл болон хэн, хаана нэр дэвшихээр горилж буй тухай мэдээг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Б.Наранхүү, М.Билэгт нартай холбоотой мэдээллийг хүргэе.

2012 оноос хойш Дундговь аймгаас сонгогдон өнөөг хүртэл тасралтгүй парламентын гишүүнээр ажиллаж буй Б.Наранхүү 2020 оны сонгуульд дэвшихгүй, нэрээ татсан гэж намынхандаа ярьж яваа сурагтай байна. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах найман жилийн хугацаандаа нийтэд хэрэгтэй нэг ч хууль батлаагүй гэж дүгнэж болно.

Учир нь тэрбээр чуулганы хуралдаандаа суудаггүй, хууль батлалцдаггүй нэгэн. Харин Засгийн газар болон хэн нэгэн албан тушаалтанг огцруулахыг хэлэлцэх үеэр чуулганы хуралдаандаа ирсэн харагддаг. Төрийн ордон дахь түүний өрөө үргэлж цоожтой байх бөгөөд хамгийн их таслалттай гишүүнэээр найман жил дараалан тэр нэрлэгдсэн юм.

Тэрбээр энэ үйлдлээ “Энд сууж хайран цагаа үрэх шаардлагагүй. Тойрогтоо хийх ажил их байна” хэмээн тайлбарладаг билээ. Түүний хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд нутгийнхандаа хэрэгтэй хууль батлах, томоохон бүтээн байгуулалт хийсэн гэхээсээ илүүтэй хувийн бизнесээ өргөжүүлсэн Дундговийн иргэдэд хурдан удмын адуу, мотоцикль болон эд материал тарааж өнгөрсөн гэж хэлж болно. Тиймээс түүнийг УИХ-д нэр дэвшихийг нам нь ч дэмжихгүй байгаа бололтой.

Харин УИХ-ын гишүүн М.Билэгтийг МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж ярьсан байна. Тиймээс тэрбээр өөрийн төрж, өссөн нутаг Баянхонгор аймагтаа бие дааж нэр дэвшихээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна.

Түүний хувьд 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө хувийн бизнесийн ажлаа удирдаж байсан. Монголын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан амжилттай яваа бизнесмэн эмэгтэйчүүдийн нэг юм.

Мөн УИХ-ын гишүүнээр ажиллах дөрвөн жилийн хугацаандаа нэн шаардлагатай олон хуулийг санаачилж, баталсан. Одоогийн парламентын хамгийн идэвхтэй цаашлаад хуулийн үг, үсэг таслал бүр дээр нямбай ажилладаг гишүүдийн нэг. УИХ-ын гишүүдийн хуралдаа суусан ирцийн мэдээг танилцуулахад М.Билэгт нэг ч удаа таслаагүй бөгөөд хууль хэлэлцэх явцад хамгийн их горимын санал гаргасан гишүүнээр нэрлэсэн статистик бий. Ямартай ч түүнд нам нь дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгджээ. 




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө